Шатахууны хоёр сарын нөөц бүрдүүлэх 189.5 тэрбум төгрөгийг УИХ-аар баталлаа. Үүнээс цааш яах нь тодорхойгүй хэвээр…
XAP АЛТНЫ ҮНЭ 147 АМ.ДОЛЛАР ДАВЛАА
Иран дахь геополитикийн асуудлаас дэлхийн зах зээл дээр баррель хар алтны үнэ 147 ам.доллар давлаа. Өнгөрсөн долоо хоногт түүхий нефтийн ханш арав орчим доллараар хямдарч эдийн засагт үүссэн хурцадмал нөхцөл намжих тийшээ хандсан. Гэвч өчигдөр АНУ-д баррель газрын тосны үнэ 147,27 ам.доллар хүрчээ. Харин Лондонд 144 ам.доллар байснаа даруй 147,02 болж өссөн байна. Шинжээчдийн үзэж буйгаар хар алтны үнэ ийн өссөн нь Иранд хийж байгаа зэвсгийн туршилт, ам.долларын ханшийн уналтаас шалтгаалсан аж. Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд хар алтны үнэ даруй арван ам.доллараас илүүтэйгээр нэмэгджээ. ОПЕК-ийн хоёр дахь том гишүүн Иранд туршилт хийж эхэлснээс өнгөрсөн пүрэв гаригт нефтийн үнэ бараг зургаан доллараар өссөн юм.
ҮНЭ ӨСӨХИЙГ ҮГҮЙСГЭСЭНГҮЙ
Харин манайд шатахууны үнэ нэмэгдэх нь, АИ 92-ын нөөц дууслаа гэж жиргэсэн “бор шувуу” жолооч нарыг сандаргаж, хэрэглэгчдэд үнэ өсөх нь гэсэн айдас төрүүлсэн билээ. Зарим шатахуун түгээх станц талонаар бензин өгч, хүмүүс шатахуунаа их хэмжээгээр нөөцөлж байгаа мэдээлэл ч тарав. Үүнийг албаны хүмүүс сонгууль, баяр наадам болох гэж буйтай холбон тайлбарласан. Мөн өнгөрсөн сард “Роснефть” компанийн үйлдвэрийн шугам засвартай байснаас нийлүүлэлт багассан нь ийн “цуурахад” нөлөөлжээ. Хэдийгээр төрөөс хувийн компаниудад татаас өгч хагас жил шатахууны үнийг барьсан ч цаашид үнэ өсөхийг үгүйсгээгүй. Энэ сард ч өнөөх улс төрийн аргаараа гал унтрааж буй. Ингэхдээ хоёр сарын хэрэглээний шатахуун нөөцлөхөөр 189,5 тэрбум төгрөгийг өдөр өдрөөр өсч буй үнийг зохиомлоор барихад зориулж, УИХ-аар баталсан. Төрийн аргаар зах зээлийг зохицуулаад амжилт олсон туршлага дэлхийд үгүй. Цаашид ийм аргаар хол явахгүйг албаны хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хоёрдугаар сард “Роснефть”-ийнхэн охин компаниа Монголд байгуулж, Мянганы замын дагуу 100 шатахуун түгээх станц ажиллуулъя гэсэн санал тавьсан. Үүнийг импортлогчдын зах зээлийг залгих бодлого хэмээн бизнес эрхлэгчид эсэргүүцсэн. Эцэст нь төрийн зүгээс эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр шийдэж, татаасаар амь торгоосон хэрэг. Эс тэгвэл сонгуулийн өмнө шатахуунаа дагаад үнийн хөөрөгдөл үүсэх гээд байсан нь ойлгомжтой. Харин хойшид яах вэ. Шинэ Засгийн газар байгуулагдаад бас л төсвийн татаасаар шатахууны үнийг торгоох уу гэдэг асуулт нээлттэй үлдэх нь.
Өмнө нь татаасаар 12,3 тэрбум төгрөгийг импортлогч компаниудад өгчихөөд байхад зарим нь шатахууны үнийг нэмсэн. Одоо ч Монгол Улсын хөгжүүлэх сангаас 189,5 тэрбум төгрөг гаргахаар болж буй. Гэхдээ дэлхийн зах зээл дээр үнэ өсвөл ханшаа нэмэхээ албаны эх сурвалж мэдэгдэж байна. Уг нь салбарын сайдаасаа эхлээд мэргэжилтнүүд Монгол нефть боловсруулах боломжтой, нөөц ч бий. Боловсруулах үйлдвэр барих, хүрэн нүүрснээс шингэн түлш гаргах шаардлагатай гэх. Ярьж суух биш ажлаа хийж эхлэх цаг хэдийнэ болжээ. Гэтэл хэн, хэзээ, яаж хийх гээд байгаа нь нэг л ойлгомжгүй. Ордуудаас Тамсагийн ордыг л ашиглаж, нефть боловсруулж эхлэх гэж буй. Гэхдээ эндээс гарсан нефть дотоодын зах зээлд биш өмнөд хөршид нийлүүлэгдэнэ. Энэ нь манайханд алдагдалтай байна. Тиймээс жилийн хэрэгцээ 700 мянган тонныг манайд нийлүүлэх ёстой гэсэн байр суурьтай хүн ч бий. Гагцхүү гэрээгээ яаж хийхээс бүх зүйл шалтгаална гэж нөгөө нэг нь үзэх. Ашиглалтад орж буй ганц ордоо монголчууд дангаараа биш, хятадын хөрөнгө оруулалтаар ажиллуулна. Тэгэхээр Монголд нефть нийлүүлэх эсэхийг хоёр тал зөвшилцөж байж шийдэх нь. Ингэснээр дэлхийн зах зээлд өссөөр байгаа шатахууны үнийг эрх баригчид барьж чадах болов уу. Улаан буудай, гурил шигээ “Бид хангамжийг сайжруулахыг хичээсэн. Түүнээс биш анхнаасаа үнэ барих бодлого бариагүй” гэж мэлзэх вий дээ гэсэн хүлээлт бий болжээ.
SOURCE: zuuniimedee.mn






0 Comments on “Шатахууны үнийг хэдий болтол татаасаар торгоох вэ”
Leave a Comment