Welcome, visitor! [ Register | Loginrss

Льюс Хэмилтон нутгийнхаа дэвжээнд түрүүллээ

| Мэдээ мэдээлэл | 2008/07/14

Силвэрстоунд 2000 онд Шотланд эр Дэвид Култард түрүүлсэн нь Их Британи арлынхны хамгийн сүүлд авсан  ялалт нь байлаа.

Хэзээний л  Британи арлын  ердийн цаг агаар болох бороотой  өглөө Силвэрстоунд хүрэлцэн ирэгсдийг угтаж ,сэрүүхэн салхиараа үлээнэ .

Гараанаас хэдэн минутын өмнөхөн бороо улам ширүүсч эхэллээ. Зам дээр их устай байх тусам урд талын машинаас цацагдах ус, ар талын уралдагчид үзэгдэх нөхцөлд саад учруулах учраас энэ нь арын нисэгч нарт хүндрэлтэй болох юм. Машинууд бүгд байраа эзэлсэн байлаа.

14:03 Гараа эхэллээ. Л.Хэмилтон цахилгаан мэт довтолж, М.Вэббэр, К.Райконэн нарын урд гаран Х.Ковалайнэнтай зэрэгцэн ирлээ. Райконэн Вэббэрийг гүйцсэний дараа цаадах нь  зам дээр эргэлдэн хоцров. Ингээд эргэлдэн бүжих цэнгүүн ар араасаа  эхэлвээ. Ф.Масса эргэлдлээ, Д.Култард  Торро Россогийн С.Вэттэлийн араас тоншин хоёулаа  замаас эргэж гаран хайрганд зоогдов. Уг нь Рэд Буллынхан бороотой уралдааныг хүсэмжилж байсан юм…

Урдуур Л.Хэмилтон, Х.Ковалайнэний араас шил даран довтолно. Л.Хэмилтон урд дугуйгаараа Х.Ковалайнэний арын дугуйг шүргээд авлаа. Нойтон зам дээр хийсэн энэ  осолтой үйлдэл нь хэн хэнийг нь замаас гаргаад хаячих аюултай байв. Британи хүү  Финланд эрээс  илүү хурдтай байгаа нь мэдэгдэнэ. Дөрөв дэх тойрогт Л.Хэмилтон Х.Ковалайнэнийг залгилаа. Тэр одоо урдаа хаалтгүй, чөлөөтэй болж  тасарч эхэллээ.

Тэдний араас Райконэн, Хайдфэлд, Алонсо, Пикуэ, Трулли, Кубица, Глок , Барикэлло нар гэсэн уралдагчид явна. Алонсо, Хайдфэлдийг ардаа орхилоо. Түүний машин бороотой замд их зохицож байгаа бололтой. Масса дахиад эргэлдлээ . Тэр уралдааны сүүлийг мушгиж яваа нь нүдэнд  дасаагүй сонин харагдана.

Кубица ,Труллигын араас шахалт үзүүлж байсан ч хашир Итали тийм амар урдуураа гүйлгэхгүй тэмцэлдэнэ.

Вэббэр, Б13 явж буй С.Боурдисыг довтолж гүйцээд улам урагшилсаар А.Сутилыг ардаа хийн Б12 т давхиж эхлэв. Австрали залуу эхний тойрогт  эргэлдэж үлдээгүй бол Райконэны араас нэхсээр явах байсан юм  харамсалтай…

Дараачийн бүжиглэгч Ковалайнэн, замаас гаран бяцхан зугаалага хийх зуур  Райконэн урд нь гарч амжив.

Сутил эргэлдэн, гулган явсаар замын гаднах хайрганд суув. Энэ жил тэр 6 дахь удаагаа уралдаанаас гарсан  нь энэ юм.

Вэббэр хамгийн хурдан тойргоо хийлээ. Тэр урдаа яваа Баттоноос нэг тойрогт 2 секундээр илүү хурдалж байсан ч нилээд зүтгэл гаргаж  түүнийг гүйцээд Б10-т явж эхэллээ. Вэббэр цэнэглэхээр орлоо. Ковалайнэн мөн цэнэглээд гарахдаа Кубицагын  урд гарч амжив. Алонсо цэнэглэхээр орсноор Хайдфэлд Б3 ийг эзэллээ.

Эхний зогсолтуудаас эхлээд уралдаан цаашид сонирхолтой  болсон юм. Яг л лото шиг.
Алонсо цэнэглээд гарахдаа Трулли, Глок нарын дунд хавчуулагдав. Райконэн,Хэмилтоноос арай л илүү хурдалж байлаа. Тэдний хоорондын зай багасаж 5 секунд орчим болов. Энэ үед Хамилтоны дуулганы шилний дотор тал хөлөрсөн учир юм хархад тун хэцүү болж хэд хэдэн удаа цэвэрлэх оролдлого хийсэн нь бүтэлгүй болжээ.МкЛарэнийн удирдлагын төвд  цагаас нь өмнө зогсоолд дуудах эсэх талаар  маргаан  үүсээд авчээ. Дараахан нь 21-дэх тойрогт Хэмилтон, Райконэн нар зогсоолд зэрэг орж ирлээ. Райконэн дугуйгаа солилгүй хуучнаараа цааш уралдах болов. Харин Хэмилтон Intermediates буюу хагас борооны дугуйг сольж авлаа .Мөн механикч дуулгыг нь онгойлгон дотор талыг нь цэвэрлэв.
Хайдфэлд цэнэглэхээр оров. Хайдфэлд Б9 гарч ирээд Глок, Алонсо нарыг давхараар нь гүйцэж түрүүллээ. Алонсо буруу дугуй сонгожээ. Райконэн  мөн адил хурд саарсаар Хэмилтон түүнээс улам холдсоор байлаа. Зогсоолоос гархад тэдний хоорондын хугацаа 1,2 секунд байсан бол таван тойргын дараа 21,8 секундээр холдсон байв. Пикуэ ,Алонсог гүйцэв. Байдлыг цаашид хүндрүүлэхгүйн тулд Рэно багийнхан Алонсог, эхний удаа цэнэглэсэнээс хойш  11 минутын дараа дахин зогсоолд дуудан дугуйг нь солив. Бороо бараг зогсож зам бага багаар хуурай болж байв. Яг энэ замын нөхцөлд хагас борооны дугуй хамгийн тохиромжтой, хурдтай нь байлаа.

Х.Ковалайнэн Райконэний араас дайралт хийхэд, тэдний ардхан явсан Хайдфэлд  довтолж давхраар нь гүйцэв. Хайдфэлд хоёр удаа өрсөлдөгчдөө давхраар нь гүйцсэн юм. Хайдфэлд Хамилтоны  араас хагас минутын зайтай  Б2-т явна.

Ж.Физикэлла замаас гаран бас л уралдааныг орхив.
Бороо дахин ширүүсэж эхэлэсэн үеэр Барикэлло цэнэглэхээр орсон байлаа. Тэр борооны  дугуйг сольж авлаа. Ширүүн бороонд энэ нь тун зөв сонголт болжээ. Борооны анхны хохирогч Пикуэ болж дараа нь Кубица, Хэмилтон нар замаас гараад буцаж орлоо. Масса  тэр хооронд эргэлдэх үйлдлээ давтсаар л байлаа. Хамилтон, Хайдфэлд нар хоёр дахь удаагаа цэнэглэхдээ дахин хагас борооны дугуйгаа сонгов. Хагас борооны дугуй эрсдэлтэй байсан боловч тэд зөв сонголт хийжээ.

Барикэлло  бусдаас 10 секундээр илүү хурдалж  Б2 явж эхэлсэн ч  арваад минут үргэлжилсэн бороо
зогсож,тэнгэр онгойн зам хатаж ирхээр түүний ноёрхол үгүй болж  эхэлсэн юм. Тэр хоёрдахь удаагаа зогсож хагас борооны дугуй сольж авсан бөгөөд ингэснээр Хонда Б3 аа хамгаалж чадлаа.
Масса дахиад эргэлдэв.Кубица замаас гарлаа..

Хамилтон Райконэн,Алонсо нарыг тойрогдов. Сүүлийн тойргуудад уралдагчид тун өрсөлдөөнтэй уралдлаа.Райконэн Алонсо гүйцэж Б4-т орж ирлээ. Ковалайнэн Алонсог довтолсон ч сайн хамгаалж байлаа.Яг үнэндээ Ковалайнэн түүнээс илүү хурдтай байсан боловч гүйцэж чадахгүй нилээд хугацаа алдлаа.Эцэст нь тэр Алонсог гүйцэн Б5 орлоо.

15:42 Хэмилтон барианд орж ялалт байгуулав .
Тэр Хайдфэлд,Баричэлло хоёроос бусдыг нь тойрогдсон байлаа.
Барианд 13 нисгэгч орж ,7 нисгэгч уралдаанаас гарсан байна. Хамгийн олон удаа эргэлдэх тэмцээнд Н.Росбэрг ,М.Вэббэр, С.Боурдис, Т.Глок, Ф.Масса нар шалгарсанаас Ф.Масса хошуучлав. Тэрээр нийтдээ 6 удаа эргэлдсэн юм.

Хонда,БМВ,МкЛарэн эрсдэлтэй ихтэй шийдвэрийг зоригтой гаргаснаар  хожжээ.Силвэрстоун ГП-гын  дүнгээр гурван нисгэгч адил оноотой боллоо.

SOURCE: sportnews.mn

168 total views, 1 today

  

Leave a Reply