Асаа.МН Rotating Header Image

Автомашины ирээдүйг тодорхойлогч тав

amazing-cars

Дэлхийн санхүүгийн хямрал автомашин үйлдвэрлэлд тун хүнд цохилт өгч тэдний өмнө шийдэхэд бэрхтэй хүндхэн асуудлыг босгож тавьсан. Daily Telegraph дэлхийн автомашин үйлдвэрлэлийн ирээдүйг тодорхойлогч нөлөө бүхий таван хүнийг дараахи байдлаар тодорхойлжээ.

Грэм Акио Тойода

Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн хамгийн том компани Toyota-гийн ерөнхийлөгч Акио Тойода өөрийн стратегийн бодлогоороо ер нь дэлхий дахины үйлдвэрлэлийн хөгжилд асар их нөлөөтэй шийдвэрүүдийг гаргаж байдаг хүн. Тойода бол компанийг үндэслэгчийн ач хүү бөгөөд сүүлийн 14 жилд анх удаа энэ гэр бүлээс тус компанийг тэргүүлэх болсон билээ. Хэдийгээр тэр тавь гарч яваа насны эр боловч Японы хувьд ийм өндөр албан тушаалд бол их залууд тооцогддог. Тойода нь Morizo нэрээр блог хөтөлдөг, Германы нилээд дуулиантай 24 цагийн Нюрбургринг авто уралдаанд оролцох зэргээр бизнесмэнүүд дундаа нилээд содон хүн юм.

Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж аваад анхны хэлсэн үгэндээ л “Намайг үүнд оролцохоо боль гэж олон хүн хэлдэг л дээ. Гэхдээ энэ уралдаанд миний оролцох хэд хэдэн шалтаг байдаг юм аа. Нэгдүгээрт энэ бол Нюрбургринг уралдаан, хоёрдугаарт энэ бол 24 цаг болдог тэмцээн, гуравдугаарт энэ бол машин бүтээхтэй нягт холбоотой зүйл” гэж ярьсан байна. Toyota-д ажиллах нь түүний хувьд хүндхэн асуудлуудтай учирсан. Компани өөрийн хөгжлийн 72 жилийн түүхийн хамгийн бэрх хэцүү хямралыг давах болсон хүнд үед тэрээр удирдлагыг гартаа авсан. Энэ оны гуравдугаар сард тус компани түүхэндээ анх удаа жилийн орлого нь 437 тэрбум йенээр буурсан билээ. Йений ханш өсч байгаа болон хамгийн ашиг ихтэй зах зээл болох АНУ-д хэрэглээ буурч байгаагаас энэ онд борлуулалт 8,97 саяас 7,3 сая болж бууран ахин унана гэж Тойода тооцоолж байгаа ажээ.

Toyota компанид “аврал хэрэгтэй болоод байна” гээд “сураггүй алга болох бүр сөнөх ч аюул ойрхон байна” гэж Тойода мэдэгдэж байгаа. Иймээс “Бид хэрэглэгчдээ сонсож, хамгийн сайн машин үйлдвэрлэх ёстой” гэж тэр мэдэгдэж байна.

Ерөнхийлөгч Барак Обама

АНУ-ын ерөнхийлөгч Обама Chrysler болон General Motors компаниудын бүтцийн өөрчлөлтийг дэмжээгүйсэн бол дэлхийн автомашин үйлдвэрлэл өдийд нилээд өөр болох байлаа. Сайн болсон уу муу болсон уу гэдгийг одоо хэлэхэд эрт байгаа ч Обама “автомашины хаан” Стив Раттнерийг ажиллуулснаар бага оврын машин үйлдвэрлэдэг Дорныхон хүч түрж эхэлсэн үед АНУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадлыг хадгалж үлдэж чадсан билээ.

АНУ-ын сангийн яам шинэчлэгдсэн General Motors-ын 60%-ийг өмчилж, бизнест нь 50 тэрбум долларын хөрөнгө оруулж, компанийн захирал Рик Вагонерийг авч хаясан. Харин Chrysler 10 гаруй тэрбум долларын зээл авч Fiat компанитай нэгдсэн билээ. Серджио Маркионне Италийн Fiat нь дэлхийд бүү хэл европын хамгийн том машин үйлдвэрлэгч биш боловч түүний захирал Сарджио Маркионнегийн хүчин чармайлт, шийдмэг тэмүүллийн ачаар олны анхаарлын төвд ороод байгаа юм. Хэзээ мөдгүй дампуурахдаа тулаад байсан тус компанийг тэрээр таван жил толгойлохдоо бусдыг өөртөө нэгтгэн улам хүчирхэгжиж буй аж үйлдвэрлэлийн тэргүүлэх зэргийн шилдэг компанийн нэг болгож чадсан юм.

Fiat нь Chrysler компанийн хувьд “аврагч ханхүү” болсон бөгөөд бүр давраад Opel болон Vauxhall компаниудыг худалдан авах санал тавьж байв. Гэвч Маркионне үйл явдал нэг л олон ангит кино шиг хөврөөд байна гэж мэдэгдэн энэхүү саналаасаа татгалзсан нь магадгүй зөв шийдвэр байсан биз. 2004 онд Маркионне удирдлагыг гартаа авах үед Fiat нь дөрөвхөн жилийн дотор 8 тэрбумын алдагдал хүлээгээд байсан юм.

2005 оноос компани ашигтай ажиллаж эхэлсэн. Маркионне бага оврын загваруудад гол анхаарлаа хандуулаад “Бид бол автомашин үйлдвэрлэгчид дотроо бол Apple харин 500 шинэ загвар маань iPod” гэж мэдэгдэж байв. Түүнийг Fiat компанийн чадавхийг хэтрүүлэн үнэлж байна гэж мэргэжилтнүүд үзэж буй боловч одоогоор гаргаад буй амжилт нь яах аргагүй олны анхаарлыг татаж байгаа юм. Тус салбарын ирээдүй бол дахин хуваарилалт болон бага оврын машин гэж Маркионне байнга яриад байгаа тийм болохоор шинэ шинэ нэгдлүүд бий болохыг үгүйсгэх аргагүй юм.

Алан Мулалли

Янз бүрийн улс орны хэрэглэгчдийн хувьд Ford бол хамгийн шилдэг машин хэвээрээ л байгаа. АНУ-ын бие даасан хамгийн том автомашин үйлдвэрлэлийн компанийг тэргүүлж буй Алан Мулаллийн амжилт нь дэлхийн зах зээл дэх барууны үйлдвэрлэгчдийн хүчний харьцаанд ихээхэн нөлөө үзүүлсэн билээ. Ford нь АНУ-д General Motors болон Chrysler компаниудын зах зээлийг улам бүр булаан авч, төрийн өмгөөлөл эрэлгүйгээр дампуурлын аюулыг зайлуулж чадсан хүчирхэг компани юм.

2006 оноос хойш 30 тэрбум долларын алдагдалд ороод байсан компани нь Мулаллигийн удирдлагаар гуравдугаар улиралд Хойд Америкт ашигтай ажиллаж чадсан ба 2011 он гэхэд дэлхий даяар ашигтай ажиллана гэж төлөвлөж байна. Мулалли бусад өрсөлдөгчдөөсөө илүү хурдан шуурхай ажиллаж Lehman Brothers дампуурахаас өмнө амжиж Jaguar, Land Rover болон Aston Martin зэрэг ачаанаасаа салж амжсан ба шатахуун бага зарцуулдаг машин сонирхох болсон хэрэглэгчдийн таашаалыг эрт мэдэрч энэ чиглэл рүү ажиллаж чадсан байна.

Ли Шуфу

Хятадын машин үйлдвэрлэгч хувийн хамгийн том компанийн тэргүүн тэрээр Хятадын Генри Форд гэгдэх болжээ. Хятадын зах зээлд түүний эзэлж буй байр суурь нь нөгөө талаар БРИК-ийн орнуудын машин үйлдвэрлэлийн байдлын тод жишээ болж байдаг.

Энэтхэгийн Tata Motors компани Jaguar, Land Rover-ийг худалдан авсан, Оросын “Газ” Opel компанийг худалдан авахаар хөөцөлдөж байгаа ба Хятад улсын зах зээл нь машин борлуулалтаараа АНУ-ыг ардаа орхисон бөгөөд Хятадын компаниуд барууны томоохон компаниудтай нэгдэх оролдлого хийх болсон.

Ли Шуфугийн Geely компани нь Лондонгийн такси үйлдвэрлэгч Manganese Bronze компанитай наймаа тохирсон ба Volvo-той тохирохоор оролдож байна. Geely нь хоёр зуун мянган машин л Хятадын зах зээлд нийлүүлдэг боловч Хятад болон бусад оронд маш түргэн өргөжиж байгаа юм.

Тус компани нь Гонконгийн биржид бүртгэлтэй бөгөөд Goldman Sachs 334 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн нь түүний нэр хүнд хэрхэн өсч буйн илрэл юм. Ли нь Хятадын хамгийн том баячуудын нэгэнд тооцогддог бөгөөд төрийн өмч давамгайлсан улсад түүний зарим нэг санаархал нь ихээхэн маргаан өрнүүлдэг байна.

“Автомашин үйлдвэрлэх нь хүмүүсийн бодоод байдаг шиг хэцүү асуудал биш болсон. Автомашин чинь дөрвөн дугуй, залуур, мотор л юм шүү дээ. Автомашин үйлдвэрлэлд хэрэглэж буй технологи асар их хөгжсөн. Шаардлагатай технологи, сэлбэг хэрэгсэл болон инженерүүдийг худалдан авах мөнгө надад хангалттай бий гэж бодож байна” гэж ярьдаг хүн дээ.

Цаг Төр сэтгүүл

Дурын нийтлэл

  • random image
    FOTON БРЭНДИЙН ТУХАЙ ТОВЧХОН
  • 2009-03-1355
    УТАА ИХ ЯЛГАРУУЛДАГ МАШИНЫ УЛСЫН ДУГААРЫГ ХУРААНА
  • siebastian-fiettiel1-2009-04-19reuters-nir-elias1
    Шанхай Гран-При тун сонирхолтой боллоо.
  • dodge_avenger_rt_2008_165x82
    2008 Dodge Viper

3 Comments on “Автомашины ирээдүйг тодорхойлогч тав”

  1. #1 sainaa
    on Nov 10th, 2009 at 08:48

    ene zurag n deerh mashin chin sweden ulsiin saab mashin bna shdee laitai saab bna

  2. #2 Яковлев
    on Nov 11th, 2009 at 22:14

    Довольно, ожидаемая заметка

  3. #3 LR
    on Dec 24th, 2009 at 02:14

    4 l beeshdee

Leave a Comment