“General Motors” “Ореl”-ийг зарахгүй

Америкийн автомашин үйлдвэрлэлийн “General Motors”(GM) корпорацийн захирлуудын зөвлөл “Ореl”-ийг хувьцааг зарахгүйгээр шийджээ. Ингэснээр Канадын “Маgnа” болон Оросын “Сбербанк”-ны хамтарсан консорциум “GM”-оос “Ореl”-ийг худалдан авах олон сарын турш үргэлжилсэн яриа хэлэлцээрт цэг тавилаа.
Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн мягмар гаригт Детройт хотноо хуралдсан байна. Үүний өмнө Европын холбоо энэхүү наймаа “Ореl” Германы засгийн газраас хямралын эсрэг тусламж авсан тохиолдолд хийгдэнэ гэсэн баталгааг”GM”-оос шаардаж байсан юм.
Захирлуудын зөвлөлийн хурлын дараа хийсэн мэдэгдэлд сүүлийн хэдэн сард зах зээлд гарч байгаа эерэг хандлага болон компанийн хэтийн төлөвт “Ореl”-ийн оруулах хувь нэмэр зэргийг харгалзан үзэж худалдахгүй болсныг онцолжээ.
“Маgnа” болон “GМ”-ын яриа хэлэлцээр бүр тавдугаар сард эхэлсэн. Тэр үед Америкийн концерн бараг л дампуурлын ирмэг дээр байжээ. Харин наймдугаар сард “GM” дампуурлын аюулаас гарч, хөрөнгө оруулалтын “RHJ” сангаас ашигтай санал хүлээн авсан учир өмнөх хэлцлээ өөрчлөхөөр шийдсэн.
Гэсэн хэдий ч есдүгээр сард “GМ”-ын захирлуудын зөвлөл “Ореl”-ийн Европын салбарынхаа хувьцааны 55 хувийг зарах шийдвэр гаргасан тухай Германы канцлер Ангела Меркель мэдээлж байсан юм. Консорциум 55 хувийн төлөө 500 сая евро төлөхийн зэрэгцээ “Ореl” Германы засгийн газраас 4.5 тэрбум еврогийн санхүүжилт авна. Хувьцааны 10 хувь нь компанийн ажилтнуудад, 35 хувь нь “GМ”-д үлдэх байжээ.
412 total views, 1 today
