Өчигдөр ашиглалтад орсон замд өнөөдөр нөхөөс хийлгэнэ

-Авлига гээчээ аваад амаа үдүүлчихээгүй л бол арай ч ийм замыг ашиглалтад авмааргүй л баймаар-
Хэзээний газар хөлджээ. Харин уужуу монголчууд нийслэлийнхээ замыг зассаар л байна. Одоо хэр нь Баянбүрд, “Дөлгөөн нуур“-ын өмнөх гэрлэн дохио байхгүй хэвээр байна. Замын цагдаагийнхнын хэлснээр цас орж зам дош болсон өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд 12 машин эдгээр уулзварт мөргөлджээ. Үүнийг албаны хүмүүс халтиргаа гулгаатай үед зуны дугуйтай явсантай холбон тайлбарлаж буй ч гэрлэн дохио байхгүйгээс зам зохицуулалтгүй болсонтой холбовол илүү үнэмшилтэй.
Харин албаны хүмүүс гэрлэн дохиогүй байгаа шалтгаанаа уулзваруудад камертай дохио тавих болсонтой холбон тайлбарлаж байна. Гэхдээ Солонгосын хөрөнгө оруулалтаар хийхж буй тэрхүү хяналтын гэрлэн дохиог ирэх нэгдүгээр сард хүлээлгэн өгөх аж. Тиймээс ч яг хэзээ эдгээр уулзварууд гэрлэн дохиотой болохыг хэлээд өгөх хүн нийслэлийн Авто замын газарт алга.
Оройхон ороод ширүүхэн дайрсан замын засвар хэсэгтээ зогсоод ирэх жил үргэлжлэх тухай албан тушаалтнууд тайлбарлалаа. Тийм ээ, тэдний хэлснээр энэ жил зассан замуудад ирэх онд дахин урсгал засвар хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ирэх жил ажилчдаа ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэхээс сэрэмжилсэн зам засварын компаниуд энэ жилийнхээ ажлыг зориуд дутуу хийсэн бололтой. Шинэ тавьсан зам нь ундуу сундуу, нүх хэзээний гарчээ.
Багагүй хугацаанд хаан зассан Баянбүрдээс 100 айл хүртэлх замын засварын ажлыг /Их тойруу/ “Заабар”, “Цаст инженеринг”, “Уорлд эруна” гурван компани гүйцэтгэжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ашиглалтад орсон энэхүү зам харамсалтай нь нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болов. Их ойн босгон ихээхэн бүтээн байгуулалт өрнөж байгаагийн нэг жишээ нь гэж ирээд л унзад хоолойгоор донгодоод байсан НИТХ-ын дарга Т.Билэгт өөрөө энэ замаар нэг явж үзсэн эсэхийг мэдэхгүй юм. Харин бид үзлээ. Явлаа. Харлаа, тэрхүү их бүтээн байгуулалтыг нь. Баянбүрдийн аюулгүйн тойргоос эхлэх энэ замын эхний нүх Баянбүрд цогцолборын яг урдхан талын хоёр урсгалын аль алинд нь бий. Болоогүй дахиад явж байтал дахиад л нүх. Нүх гэдэг нь шууд утгаараа нүх шүү. Ямар нэгэн овон, довонг хэлсэнгүй. “Баянбүрд” цогцолбороос “Дөлгөөн нуур” хүртэлх колометр хүрэхгүй газарт гурван ч эмтэрхий нүх байх бол эсрэг урсгалд нь хоёр бий…
…Иймэрхүү байдлаар 100 айл хүртэл хэд хэдэн нүхийг олж харж эсвэл дугуйгаа хийж, дургүйгээ хүргэж болно. Уучлаарай, дааран байж, тэгээд тос шатахуун үрүүлэн байж дахиад олон иймэрхүү жишээг ч харлаа.
Олон жил хэрүүл хийн нүүхгүй байгаа айлууд руу бүх буруу чихэн байж саяхан ашиглалтад оруулсан XIII хорооллын дундуур нэвт гарсан замын гүүрний хэсэгт гүдгэр годгор. 32-ын тойргоос хойш тавьсан зам нь бас л хашлага нь хаа нэгтээ унасны дээр хонхорхойнууд хаа сайгүй. Осолтгүй төв замыг энхэл донхолгүй засчээ. Бусад нь зүгээр л оромдсон гэхэд болно.
Харин энэ талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од “Би ажил байдалтай нь байнга танилцаж хянаж байгаа учир дэлхийн хэмжээний чанартай биш ч манайд байгаа техник хэрэгсэлдээ тохируулж сайн зам болсон гэж бодож байгаа. Баталгаат хугацаа нэг жил байдаг. Энэ хугацаанд зассан замд эвдрэл үүсвэл тухайн компани хариуцаж засна” гэдгийг хэлж байна.
Түүний хэлснээр шинээр барьсан замын километр хүрэхгүй газарт гурван ч эвдэрхий байх нь манай стандартад бүрэн нийцдэг аж. Үүнд нь хяналт тавих ёстой мэргэжлийн хяналт, авто замынхан ч үүнтэй эвлэрсэн бололтой. Чимээгүй байна. мэдээж хэрэг сайн зам засвар ирэх жилүүдэд тавих замын тоо багасна. Энэ хэрээр замын компаниуд ажилгүй болно. Түүнийг дагаад Мэргэжлийн хяналт, Авто замын газрынхан ч хийх зүйлгүй гэюүрэхэд хүрнэ.
Урьд өмнө нь иймэрхүү жишээ олонтаа гарч байсны нэг нь Улаанбаатараас Дархан хүртэлх зам. Тус замын эргэлтүүдийг эргэж буй талынхаа эсрэг налуулаагүй учраас энэ замд олон ч осол гарч тэр чинээгээр эрдэнэт хүний амь эрсэдсэнийг энд хэлэх нь илүүц биз. Гэтэл энэ замын Мэргэжлийн хяналтынхан хүлээж авахаас татгалзаж байхад тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр очиж цагаан бээлий углан тууз хайчлан нээчихэж байв. Ингээд Ерөнхий сайд нь хүлээн зөвшөөрчихсөн болохоор мэргэжлийн хяналтынхан мянга донгодоод нэмэргүй болж байв. Үүнээс хойш олон жил өнгөрч олон ч дарга түүнтэй нэгэн адилаар тууз хайчлан болж бүтэхгүй бүтээн байгуулалтаа тулгалаа. Үр дүнд нь жил болгон илүү зардал гарган зам нөхөх болов. Өмнө нь дараа жилдээ эвдэрдэг байсан зам нь ашиглалтад орохдоо эвдэрхий орох болж. Түүнийгээ ирэх жил засна гэдгээ ч түшмэдүүд нуухаа больжээ. Харамсалтай нь авто зам ашигласаны албан татвар, агаар бохирдуулсаны татвар гээд журамлан байж хураадаг олон олон татварууд нэмэгдсэнгүй. Харин ч өслөө. Зам засварынхаа ажилтай байнга танилцдаг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од танаа зөвлөхөд Баянбүрдээс “Дөлгөөн нуур” хүртэлх замаар нэг яваад үз дээ. Авлига аваад амаа үдүүлчихээгүй л бол арай ч ийм замыг ашиглалтад авмааргүй л баймаар. Ер нь шинээр зассан замыг нөхөх компанийг сонгох тендер зарлавал яасан юм бэ …
Л.ХАЛИУ
361 total views, 1 today

Баларсан юм