ШАТАХУУНАА Ч «ШАГЛААД», ЦААШДАА ЮУ ЮУГАА… ГЭХ БОЛ?

Монгол Улсад маань өөрчлөгдөөгүй юм гэж алга. Ардчиллын 20 жилд «ардчилагдаагүй» ч юм байхгүй. Улс гүрэн хувьсан шинэчлэгдэхийн ид хавыг ч үзүүлж явна, бид. Ардчиллаар гайхуулдаг америкчууд ч амаа ангайн гайхах юмсыг хийж чадаж байгаа биднийг харахаараа «Атаархдаг» ч байх гэмээр. Юутай ч, Афганистан, Ирак зэргийг номхроож чадахгүй байгаа Америкуудад бид хөх цэргээ илгээж, зарим нэг даврагчдынх нь цөсийг дарсан баримт бий. Иракийн даврагчийг үйлдэл дээр нь тас цохисон монгол цэрэгт Ж.Буш баяр хүргэж, Америктаа урьж байсан. Өөрөө ч Монголд ирж, их Чингисийн өлмийд мэхийж байсан. Азид нийгмийн өөрчлөлтийг хурамхан зуурт хийж, ардчиллаар «тоглож» яваа Монголд маань өнөөдөр авах «Туршлага» аль хэр байна вэ?
Эдийн засгийн хямралыг холуур өнгөрөх юм шиг ярьж байсан бид, эхний цохилтуудаа аваад жаахан «нугнайсан». Тэгэвч юунд ч ажирдаггүй хэнэггүй бидэн, эдийн засгийн «Шаталт»-ыг өөрсдөөсөө эхлээд хөөргөж, инфляцийг түймэрдэж, ер юухан ийхэн байна тэр бүгдийг үсэргэж байдаг архаг панзчин гэлтэй аяглаж байна. Зээл аваад тэрийгээ ч «үсэргэж», ашиг хонжооны төлөө улайран зүтгэх нь аюумшиг төрүүлнэ.
Ойрмогхон, шатахуун «шаглаж» яваа нь эрээ цээрээ алдав. Жижигхэн юмкос /төмөр торх/-тэй шатахуун түгээх машин чухам «төмөр аалз» шиг давхилдаж байв. Том том ачааны машинуудын хажууд очиж, хоромхон зуур шингэнээ юүлнэ. хүн амьтны хэл ам болж, хяналт шалгалт хийх үед торс торсхийн давхилдаж, тал тал тийш зугатах нь гэмт хүн гэлбэлнэ гэдэгтэй эгээ адилхан. Бэлэнчлэх сэтгэлгээтэй зарим нөхөд «Газар дээр нь шатахуун хямдхан өгч байгаа болохоор зүгээр юм» гэцгээнэ лээ. Хямдхан ч юу юм бэ? Тэртэй тэргүй ханатлаа өсгөчихсөн шатахууныг тав аравхан төгрөгөөр татаж өгч байгаагаа хямдруулсан гээд байгаа бололтой. Дөрөв дахин үнийг нь өсгөсөн шатахуун өнөөдөр монголын жижглэнгийн үнийг ч хөөргөдчихөөд байгааг мэдэхгүй хэн байх билээ. Нэгэн үе шатахуун, америк доллар хоёр өглөө босоход л үнээ нэмж, лангуун дээрх талх, будааг «тийчигнүүлж», иргэдийг ёстой хоосолж, ховх сорохоо шахсан. УИХ дүлэгнэж баймааж үндэсний мөнгөн тэмдэгтээ дэвссэн ам.долларын гүйлгээг хумьж. арай чүү нэг юм номхроосон. Харин шатахуун даварсан хэвээр үлдсэн. Үүний даварсан үзэгдэл шатахуун дамлагчид олширсноос тодорхой харагдсан. Шатахууны дамчид хөлтэй хөдөлцгөөсөн. Машин, машинаар нь, сав саваар уралдан давхилдсаныг хар л даа. Ёстой явган, нүцгэнчүүд гайхмаар байсан гээч. Шатахуун түгээгчдийн хөлжиж баяжсан нь энүүхэн зуурын «шаглаа»-наас харагдсан. МХЕГ-ынхан нэлээд хөөцөлдөж байж дарж авлаа. Хэл амтай шаглагчид ч хэвлэлийн хурал хийж цамаархлаа. Гэвч хууль зөрчсөн үйлдэл болохыг шалгалтаар нотоллоо. Явуулаар шатахуун түгээх нь тун аюултай. Аймшиг төрүүлэхүйц зүйрлэх юм бол, Иракийн гудамжинд биеэ дэлбэлэгчээр ороосон амиа золиослогчтой адилхан гэсэн үг. Бөндгөр торхтой машин руу агсан тавьсан нэгэн согтуу нөхөр шүдэнз зурахад л «доший шог» болно шүү дээ.
Дэлхийн улс оронд газрын тосны бүтээгдэхүүнийг стандартаар нь нийлүүлж, хадгалж, түгээх гэж ягштал нь мөрдөхөөс аргагүй хууль байдаг. Олон улсын энэ хуулийг огоорох эрх манайд байхгүй. Мөн улс хоорондын тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл ч гэж бий. Энэ бүхнийг уландаа гишгэж болохгүй. Тэрчлэн зориулалтын зогсоол, шатахуун түгээх цэг ч гэж бий. Манайд ШТС багадаагүй. Хотын төв дотор хөл гишгэх зайгүй шахам ШТС байж байгаа. Хэрвээ Улаанбаатарт галын гамшиг тохиолдвол «Дарьтай торх» гал авалцахад бэв бэлхэн, хумхийн тоос дэгдэхэд дэндүү ойрхон байна. Шатахуун импортлогч компаниуд ашгаа нэмэх л гэж явуулын «торхтонгууд-ыг» өөгшүүлж байгаа нь тодорхой. Бүтээгдэхүүний чанарыг батлах баримтгүй, албан ёсны гэрчилгээгүй шатахуун ингэж гудамжинд гарч болохгүй билээ.
«Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, жижиглэнгийн худалдааг зориулалтын бус газар явуулж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, орчинд аюул учрах бодит нөхцөл үүсч байна» гэж МХЕГ-ын шалгалтын дүгнэлт гарчээ. Энэ бол чухал дүгнэлт. Үүнийг тоохгүй байхын аргагүй.
Шатахуунаа ингэж шаглаад байх үнэхээр зохисгүй. Шатахуун бол шилтэй архи биш. Цаашдаа бид юу юугаа шаглах бол? Алтаа шаглаж, нинжа нараа давраагаад уул, усны эх ундаргуудыг цөлмөж орхилоо. Болдогсон бол тэд уул, жалгыг «шаглахад» бэлэн суугаа улсууд. Төрийн томчууд «Лиценз»-ээр уул жалгыг «шаглаж» байгаа нь нууц биш л дээ, уг нь. Даварсан шаглаачдын саврыг тас цохихгүй бол, цаашдаа юу ч болж мэдэх нь байна шүү, эрхэм шударга Ерөнхийлөгч минь ээ. Энэ бол егөө үг биш үнэн баримтаас үүдсэн санал юм шүү.
МОНЦАМЭ
307 total views, 1 today

za shaa l da ene tom tom tseguud bidniig shulaad l bn sh de ard tumen ene deer bosiii
bi MT GEES tulsh awhad asuudal ih gardag tugeegch ni dutuu shahaj bsan 500 tug bolhoor ni hereldeed ungursun olon hunees 500 bolhod ih mungu garna sambaraa sain haraarai