ӨВЛИЙН УЛИРАЛД АВТОБУСААР ЗОРЧИХЫГ УРИАЛЛАА

Нийслэлийн Агаарын чанарын албанаас машинтай хүмүүсийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчин хотын утааг багасгахад хувь нэмэр оруулахыг уриаллаа. Манай хотод явж буй тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь долоо ба түүнээс дээш жил ашиглагдсан машинууд байдаг. Тиймээс өвлийн улиралд агаар их бохирддог үеэр автомашинаасаа татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байгаа ажээ. Автомашинтай иргэдийн цөөнгүй хувь нь албан байгууллагын ажилтнууд буюу ажилдаа ирж очих төдийд машин хэрэглэдэг нь судалгаагаар батлагдсан байна. Энэ жил Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийг маш эрчимтэй хийж байгаагийн дээр сүлжээний хувьд өргөжин хотын нэг зах хүртэл автобусны үйлчилгээ бүрэн нэвтэрчээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30-40 хувийг автомашины утаа, тортог эзэлдэг гэдгийг хэд хэдэн судалгаагаар тогтоогоод байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгаран гарч буй утаа нь хүний амьсгалах төвшинд хаягддагийн дээр хүүхэд багачууд илүүтэй хорддог аж. Автомашины утаанд 200 гаруй төрлийн хорт бодис байдаг бөгөөд тэдний зарим нь хорт хавдар үүсгэгч ч болдог байна.
МОНЦАМЭ
300 total views, 1 today
