Асаа.МН Rotating Header Image

Замыг хүйтрэхээс өмнө засаж амжихгүй нь бололтой

2747_4039

“Зуун айлын зам хурдан ашиглалтад ороосой. Бүтэн cap тоос шороогоор амьсгалж явлаа”, “Энэ замын компанийн ажилчид өмнө нь зүгээр шахуу суудаг байснаа юу болоод гэнэт сүрхий ажиллаад эхлэв ээ, аягүй бол дарга нар нь “түргэн авсан” байх”, “Өдөр бүр ийм энхэл донхол болсон замаар ажилдаа ирэх гэж багагүй адал явдалтай учирдаг боллоо”. “Зам хөндлөн гарахын хооронд нүүр ам шороон шуурганд өртсөн юм шиг халтардсан байдаг. Хэдий болтол шороо амталж явах вэ, замаа хурдан засаасай”, “Зуун айлын зам ч Лүнгийн замаас ялгарахгүй болжээ” гэх бухимдсан, ёжилсон яриа чих дэлсэх болов. Дээрх яриаг тэнд ажилладаг, амьдардаг иргэд, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн эзэд бухимдах бүрдээ амны уншлага болгоод удаж байна. Тухайлбал, авто засвар, цайны газар, дэлгүүр, кафе, сэлбэгийн дэлгүүрийн орлого 50-аас дээш хувиар буурчээ. Тэдний орлоготой байх эсэх нь замын шинэчлэлтийн ажлаас шууд хамаарч байгаа учир бухимдахгүй байхын аргагүй аж. Мөн дээрх хэсгээр дамжин ажилдаа очдог, гэртээ харьдаг иргэд ч шороо, тоосноос залхаад байна.

Японы Засгийн газрын төслийн бус хөрөнгөөр энэ онд Их тойруугийн гудамж буюу Баянбүрдийн тойргоос Зуун айлын уулзвар хүртэлх 1.54 км авто замын шинэчлэлтийн ажлыг гурван компани гүйцэтгэж байна. Тухайлбал, Баянбүрдээс Дөлгөөн нуур хүртэлх авто замыг “Заабар”, Дөлгөөн нуураас “Өлзийт төв” хүртэлх замыг “Цаст импекс”, “Өлзийт төв”-өөс Зуун айлын уулзвар хүртэлх замын шинэчлэлтийг “Ворлд Еруна” компани гүйцэтгэж байна.

Өнгөрсөн сарын хугацаанд юу хийснийг лавлахад талбайн цэвэрлэгээ, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, замын өргөтгөх хэсгийг тэгшлэх зэрэг ажлыг амжуулснаа дээрх компанийн замын инженерүүд хэлж байна.

Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаа. Тодруулбал, ирэх долоо хоногт 10 хэмээс доош хүйтэрч, хур тунадас орох магадлалтай. Гэтэл замын асфальт хучилтыг 10-аас доош хэмд хийвэл технологийн горим алдагддаг гэж үздэг. Тиймээс цаг агаар хүйтрэхгүй байхын төлөө зальбирч замын шинэчлэлтийн ажил дуусахыг хүлээх л үлдлээ.

Баянбүрдийн уулзварыг амралтын өдрөөр шинэчилнэ

Нийслэлийн авто замын газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Г.Баттогтохоос замын шинэчлэлтийн ажлын явцын талаар тодрууллаа.

-Шугам сүлжээний төлөвлөгдөөгүй ажил гарч ирсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Баянбүрдээс Зуун айл хүртэлх шугам сүлжээний маш их ажил байсан. Гэтэл Баянбүрдийн уулзвараас “Өлзийт төв”-ийн уулзвар хооронд 820 метр газарт замын урд хэсэгт байрласан өндөр хүчдэлийн гурван кабель зураг төсөлд тусгагдаагүй байсан. Энэ кабелийг шилжүүлэх хөрөнгийг Сангийн яамаар шийдүүлээд байна. Шилжүүлэх ажлыг өнөө орой (өчигдөр) эхлүүлнэ.

-Замын хучилтын ажил хэзээнээс эхлэх вэ?
-Зуун айлын уулзвараас “Өлзийт төв” хүртэлх авто замын асфальт хучилтыг энэ долоо хоногт багтаан дэвсэх төлөвлөгөөтэй байгаа. Хучилтыг хийхдээ төв замын шинэчлэлтийг хийж байсан шиг уулзвар бүрээр нь хэсэгчилж хөдөлгөөн хаана.

-Баянбүрдийн уулзварын шинэчлэлтийг өөр компани гүйцэтгэж байгаа юм уу. Энэ хэсгийг хэзээ шинэчлэх вэ?
-”Мон агаар” компани гүйцэтгэх юм. Баянбүрдийн уулзварыг энэ сарын 9-ний 00.00 цагаас 12-ны 08.00 цаг хүртэл хааж хучилтын ажлыг хийх болсон. Нийслэлийн авто замын газраас Замын цагдаагийн газрын удирдлагуудтай ярилцаад хэдэн газар хаалт тавих талаар тохиролцсон.

-Баянбүрдээс Зуун айл хүртэлх замыг хэдний өдөр хааж, нээх хуваарь гарсан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Дээрх зам бүхэлдээ төлөвлөгөөт хугацаагаар энэ сарын 15-нд дуусах ёстой. Гэхдээ өнөөдрийн байдлаар долоо хоногоор хоцорч байгаа. Энэ нь дээр хэлсэн төлөвлөгдөөгүй байсан кабелийн шугамнаас болсон.

Ч.Намжил: Зам хаасан дээрээ хучилтаа хийнэ (”Ворлд Еруна” компанийн ерөнхий инженер)

-Зуун айлаас “Ардын эрх” хүртэл замын урд талын эгнээг хаагаад тав хонолоо. Одоо ямар ажил үлдээд байна вэ?
-Кабель шилжүүлэх нүх ухаж бэлдэж байна. Мөн 24 худаг шилжүүлнэ.

-Замаа хаасан атлаа яагаад асфальт хучилт хийхгүй байгаа юм бэ?
-Кабель шилжүүлсний дараа хучилтын ажил эхэлнэ. Ойролцоогоор долоо хоног л болох байх. Бид зам хаасан дээрээ урд талын хучилтаа хийхээр ярилцсан.

-Танайх наймдугаар сарын 26-ны өдрөөс ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд юу хийсэн бэ?
-Замын траст орсон байгууллагуудад мэдэгдэх хуудас өгч, хашаа, ТҮЦ, зогсоолуудыг шилжүүлэх, ус зайлуулах хоолой суурилуулах зэрэг ажил хийсэн. Харин “Ардын эрх”-ийн цаана байрлах “Хийморь” компани хашаагаа гурван метр татах байсан. Гэтэл 1.50 метр татсан байна. Үүнийг гүйцээж татуулах хэрэгтэй.

Б.Батбаяр: Хүйтрэхээс айж байна (”Цаст импекс” компанийн инженер)

-Ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-42. Манайх өнгөрсөн сарын 10-наас талбайн цэвэрлэгээний ажил хийсэн. Харин одоо явган хүний зам тавьж эхэлж байна.

-Одоо дутуу ажил байгаа юу?
-Кабелийн шугам шилжүүлэх, долоон гэрлийн шонг холдуулах шаардлагатай байгаа.

-Замын шинэчлэлтийн ажил хугацаандаа амжих уу?
-Биднээс шалтгаалах зүйл байхгүй. Харин цаг агаарын байдал л айлгаж байгаа.

Г.Төрбат: 10-аас доош хэмд асфальт тавьж болохгүй (”Заабар” компанийн замын инженер)

-Ажлын явц ямар байна. Одоогоор хүлээгдэж байгаа ямар ажил байна вэ?
-Замын урд хэсгийн кабелийн нүхийг нь ухаад байхад шилжүүлэхгүй удаж байна.

-Асфальт хучилтаа хэзээ эхлэх вэ?
-Кабель шилжүүлчихвэл ерөнхийдөө ажил жигдэрнэ. Хамгийн их уяа болж байгаа зүйл нь энэ кабель болоод байна.

-Хугацаандаа амжих уу?
-Цаг агаар хүйтрэхээс л айж байна. 10-аас доош хэмд асфальт тавьж болдоггүй. Учир нь технологийн горим алдагдана гэж үздэг.

Б.Мягмансанж
Нийгмийн толь

Дурын нийтлэл

  • random image
    Koenigsegg Quant
  • random image
    Алтан Benz
  • random image
    Edo Competition Lamborghini Murcielago LP710/2
  • random image
    Arash AF10

0 Comments on “Замыг хүйтрэхээс өмнө засаж амжихгүй нь бололтой”

Leave a Comment