Welcome, visitor! [ Register | Loginrss

Д.Мөнхбаатар: Үзлэгт ороогүй жолоочид оноох хариуцлагыг чангатгана

| Мэдээ мэдээлэл | 2009/05/18

4116197991

Автотехникийн улсын үзлэг тооллогын хоёрдугаар шат буюу хаягийн шинэчилсэн бүртгэл эхлээд хагас cap өнгөрлөө. Үзлэгийн явцын талаар Замын цагдаагийн газрын Бүртгэл, техник хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбаатараас тодруулсан юм.

-Шинэчилсэн бүртгэлийн явц ямар байна. Бүртгэлтэй мөртлөө үзлэгт ороогүй автомашиныг хаягаар нь нэг бүрчлэн явж тулгалт хийх ажлын үр дүн гарч байна уу?
-Автотехникийн улсын үзлэг тооллогын нэгдүгээр шат энэ сарын 1-нд дууссан. Өнгөрсөн оныхтой харьцуулахад 100 жаахан гаруй хувьтай биелсэн гэсэн тоо гарсан. Харин тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу явагдаж байна. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн бүртгэлийн сангийн судалгааг нэг бүрчлэн гаргаад үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслийг нэг, хамрагдаагүйг тусад нь ялгаад хаягаар нь нэг бүрчлэн явна. Тэгээд үзлэг тооллогодоо ороогүйг нь албадан хамруулна. Гэхдээ шаардлагатай зарим нэгнийх нь улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авч байгаа. Үүний зэрэгцээ тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчдээ огт байхгүй, өөрийн хүсэлтээр бүртгэлээс хасуулъя гэвэл саналыг нь үндэслэн бүртгэлээс хасна.

Мөн тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гадаад дотоодод явсан зэрэг эзэмшигчгүй тээврийн хэрэгсэл байдаг. Эдгээрийг тусад нь бүртгэж тоолно. Зарсан юм уу, хэн нэгэнд өгсөн мөртлөө нэрийн шилжилт хийгээгүй тээврийн хэрэгсэл байвал шилжүүлэх арга хэмжээг шат дараалан авч эхэлсэн. Түүнчлэн Улаанбаатарын дугаартай автомашинууд хөдөө орон нутагт үзлэг тооллогод хамрагдсан. Эдгээрийн тоог урьдчилсан байдлаар орон нутгаас авч бүртгэлийн сандаа оруулж байгаа. Дээрээс нь нийслэлийн дугаартай хэрнээ хөдөөний дугаар авчихсан автомашин ч бий. Тийм машинуудыг манайд бүртгэлтэй 216 мянгаас хасах гэхчилэн бүртгэлийн сангийн үйл ажиллагааг цэгцэлж байна. Бид эхний ээлжинд задгай зогсоол, ломбард, доороо гарааштай байруудаар явж үзлэгтээ ороогүй автомашинуудын бичиг баримтыг хурааж үзлэгт хамруулж байна. Энэ долоо хоногоос хороодоор нэг бүрчлэн явж бүртгэлийн хаягаараа уг тээврийн хэрэгсэл байгаа байхгүйг тогтоож, хөдөлгөөнд оролцох боломжгүйг нь бүртгэлээс хасч, оролцох боломжтой хэрнээ үзлэгт хамрагдаагүйг нь Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 25 мянган төгрөгөөр торгож үзлэгт оруулна.

-Үзлэг, оношлогоонд хугацаандаа хамрагдаагүй хэчнээн тээврийн хэрэгслийг албадан оруулав?
-Эдийн засгийн хямралтай холбогдуулан мөнгө төгрөггүйн улмаас мөн хөдөө, эсвэл гадаад яваад эзэнгүй байсан зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүс хамрагдаж амжаагүй. Зарим нь дарааллаас халгаад жаахан хургаад байсан болов уу гэдэг үүднээс энэ сарын эхний 15 хоногт тэгтэл их хатуурхаагүй, боломжоор нь нэг цэгийн үйлчилгээ үзүүлж үзлэгт орохыг хүлээсэн. Бидний санасан хэмжээнд хүрч жолооч нар үзлэгт хамрагдсангүй. Ердөө 4000 гаруй машин орсон. Тийм учраас бид арга хэмжээний бодлогоо чангатгаж дараагийн шатандаа орсон.
Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас үзлэгийн хугацаандаа орж амжаагүй, хоцорсон тээврийн хэрэгслийг эхний ээлжинд 5000 төгрөгөөр торгож үзлэгт хамруулсан. Гудамж замд гурвалжин наалт наагүй болон техникийн үзлэгт хамрагдаагүй хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж харъяа дүүргийнх нь үзлэгийн байрууд руу шилжүүлж байсан. Өнөөдрийн байдлаар дүүрэг бүрт 200 орчим тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураагдчихаад байна. Иргэд, аж ахуй нэгж өөрсдөө идэвхи чармайлт гаргаж үзлэгтээ орохгүй байгаагаас ийм байдал үүсээд байна. Тиймээс энэ долоо хоногоос үзлэгийн гурвалжингаа наагаагүй жолоочийг 25 мянга төгрөгөөр торгож үзлэгт албадан хамруулах юм.

-Үзлэгийн үеэр ажиллаж байсан нэг цэгийн үйлчилгээний байрууд одоо яаж үйл ажиллагаа явуулах вэ?
-Үзлэгийн байрууд зургадугаар сарын 1 хүртэл ажиллах байх. Нэг цэгийн үйлчилгээг татан буулгачихвал жолооч татвар, банк, даатгал, үзлэг, оношлогоо гээд тав зургаан газраар орж цаг зав, бензин шатахуунаа үрнэ. Тиймээс бид үүнийг нь хөнгөвчлөх үүднээс нэг газар төвлөрүүлээд байгаа юм. Зургадугаар сарын 1 буюу үзлэг тооллогын үйл ажиллагаа бүрэн дууссаны дараа техникийн үзлэг тооллогод хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хот руу оруулахгүй, хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оруулахгүй шууд журамлана.

Улаанбаатар сонин

No Tags

278 total views, 1 today

  

One Response to “Д.Мөнхбаатар: Үзлэгт ороогүй жолоочид оноох хариуцлагыг чангатгана”

  1. manaihan meddegn juramlah gedegiim edee ene zamiin tsagdaa naruu hezee 1 emh zegtstee boldog ym boldoo tsagdaa naran uursduu hahuul awhaa baichuul boloo shdee ter olon mashiinuud chin hahuul ud=gchuul ywaj baidag baihgvi yu tengvvdee ta nar uursduu hahuulaa bgsag za

Leave a Reply