Welcome, visitor! [ Register | Loginrss

Д.Батцоож: Авто зогсоолыг төлбөртэй болгож түгжрэлийг багасгана

| Мэдээ мэдээлэл | 2009/05/18

2008-08-01zam

-Ашиглалтын хугацаа дууссан замуудыг шинэчлэх хөрөнгө байхгүй учир ачаалал ихтэй замаа эхлээд засна-

Энэ онд нийслэлийн замыг шинэчилж, засвар үйлчилгээ хийх, төсөвлөсөн хөрөнгө хүрэлцээтэй эсэх талаар Нийслэлийн авто замын газрын орлогч дарга Л.Батцоожтой ярилцлаа. 

-Хэдий хэмжээний хөрөнгөөр авто замын засвар, шинэчлэлт хийх вэ?
-Авто замын засвар, өргөтгөл шинэчлэлд нийслэлийн төсвөөс нэг тэрбум 750 сая, Нийслэлийн замын сангаас таван тэрбум 350 сая төгрөг төсөвлөсөн. Тухайлбал, замын засвар, гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэгээ төв замын засварт 1.5 тэрбум, хорооллын доторх засварын ажилд 500 сая, замын арчилгаа, хамгаалалтад 200 сая төгрөг зарцуулна. Одоогоор авто замын засварын 33 багц ажилд тендер зарлахаар бэлтгэж байгаа. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван хэсэг ажил гүйцэтгэх юм. Тухайлбал, Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх авто зам, баруун дөрвөн замаас X хороолол хүртэлх авто замыг өргөтгөх, шинэчлэх, “ёнсой” эмнэлгийн хойд талын Энхтайваны өргөн чөлөөнд явган хүнд зориулсан нүхэн гарц барих ажилд 5.6 тэрбум төгрөг зарцуулна.

-Энгельсийн гудамжны гүүрэн гарцын ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид төсөвлөсөн хөрөнгө хүрэхгүй гэж байсан?
-Гадаадын зээл тусламжаар гурван төсөл хэрэгжинэ. Үүний нэг нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баруун дөрвөн замаас урагш төмөр зам дээгүүр Энгельсийн гудамжинд гүүрэн гарц барих төсөл юм. Монголын тал гүүрний хоёр талын замыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх юм. Энэ ажлыг манай тал энэ онд эхлүүлж газар доорх инженерийн шугам сүлжээг зураг төслийн дагуу холдуулах, гүйцэтгэгч компанид барилгын нөөц талбай гаргах үүрэгтэй. Дээрх ажлыг гүйцэтгэхэд нэг тэрбум төгрөг хүрнэ гэж үзсэн. Хоёр дахь төсөл нь Азийн хөгжлийн хөнгөлөлттэй зээлээр Хайлаастын авто замыг сунгаж, Толгойтын баруун салаа, Тахилтын ам руу шинээр авто зам тавих юм. Гэхдээ энэ онд Хайлаастын авто замын ажлаас бусад нь амжиж эхлэхгүй.

-Авто замыг камержуулах ажил өнгөрсөн жилээс яригдаж байсан. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
-Гадаадын зээл тусламжаар хэрэгжих гурав дахь төсөл авто замыг камержуулж, гэрлэн дохиог алсын удирдлагатай болгох байгаа. Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих уг төслийн ажил энэ жилдээ багтаж дуусна. Авто замыг камержуулж, гэрлэн дохионуудыг шинээр суурилуулж, алсын удирдлагатай болгосноор замын түгжрэлийг багасгах юм. Төсөл хэрэгжиж эхлэхэд жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцох нь чухал. Учир нь замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхгүй бол төслийн үр дүн нь харагдахгүй.

-Дээрх гурван төсөл хэрэгжихэд манай талаас ямар хэмжээний хөрөнгө гарах вэ?
-Энгельсийн гүүрэн гарцын ажилд манай талаас газар чөлөөлөхөд өгөх нөхөн олговор, газар доорх инженерийн шугам сүлжээг холдуулах, төсөл хэрэгжих үед барилгын талбайг ус, цахилгаанаар хангахад хөрөнгө шаардлагатай. Тиймээс энэ онд төсөвлөсөн нэг тэрбум төгрөг хүрэх байх. Харин ирэх жилээс шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгуулна. Харин Азийн хөгжлийн банкнаас хэрэгжих төслийн үндсэн захиалагч нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам учраас шаардлагатай зардлуудыг улсын төсөвт суулгасан байгаа.

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Сэлбэ голын дагуу зам барихаар төлөвлөж байсан. Дээрх ажил энэ онд эхлэх үү?
-Сэлбэ голын баруун эргээр Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэлх 1.8 км авто замыг энэ жилдээ багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Уг замын ажилд нэг тэрбум төгрөг төсөвлөөд байгаа.

-Он дамжсан ч дуусаагүй зам нилээн хэд байгаа. Тухайлбал, Олимпийн гудамжийг Ц.Дамдинсүрэнгийн гудамжтай холбох зам, гүүр. Эдгээр он дамнасан ажлууд хэзээ дуусах вэ?
-Амгалангийн авто зам, Нарангийн голын зам гүүрний ажил, Олимпийн гудамжийг Ц.Дамдинсүрэнгийн гудамжтай холбох зам гүүр зэрэг ажил бий. Эдгээрийг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахыг зорьж байгаа.

-Өнгөрсөн жил төсөв хүрэлцэхгүй байснаас 100 айлын замыг шинээр тавьж чадалгүй зөвхөн нөхөөс хийсэн. Ер нь нийслэлийн замууд иргэдийн авто машин эвдрэхэд нөлөөлж байгаа. Хэдий болтол жолооч нар хагарч, эвдэрсэн замаар явах вэ. Төсөв засварын ажилд хүрэлцээтэй юу?
-Одоогоор Улаанбаатар хотын авто замын 80 хувь нь 20-иас дээш жил ашиглагдаж эдэлгээний хугацаа дууссан. Тиймээс дээрх замуудыг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ бүгдийг нь улс, нийслэл, замын сангаас хөрөнгө гаргаж нэг жилийн дотор шинэчлэх боломжгүй. Тиймээс байгаа хөрөнгөө зөв захиран зарцуулж, хамгийн оновчтой, шаардлагатай замуудаа эхлээд шинэчлэнэ. Өнгөрсөн жил 100 айлын авто замыг нөхөх бус шинэчлэх байсан ч төсөв байхгүйгээс урсгал засвар хийсэн. Ер нь урсгал засварыг багасгаж, ачаалалтай замуудыг шинээр барих бодлого барьж байгаа. Ингэхийн тулд Нийслэлийн Авто замын газраас дотоодын эх үүсвэр, гадаадын зээл тусламж, шинэ эх үүсвэрээр хөрөнгө бий болгож эдэлгээ нь дууссан авто замыг шинэчлэх санал боловсруулж байгаа.

-Боловсруулж байгаа саналаасаа хуваалцахгүй юу?

-Тухайлбал, хотын төвийн хэсгийн авто машины зогсоолуудыг төлбөртэй болгомоор байна. Зогсоолыг төлбөртэй болгосноор ашиглалт сайжран, Нийслэлийн замын санд хөрөнгө төвлөрч, ажлын байр ч бий болно. Мөн энэ нь зорилгогүй зорилтуудыг бууруулна. Өөрөөр хэлбэл, иргэн Б машинаа хотын төвийн зогсоолд тавиад ажил хөөцөлдөж явсаар 4-8 цагийн дараа ирдэг. Иргэн Б-д машинаа орхиод автобусаар зорчих боломж байсан. Хэрэв зогсоолуудыг төлбөртэй болгоод эхэлбэл машинаа найман цаг зогсоолд тавьж төлбөр төлөх бус автобусаар зорчих гэсэн сонголттой болно. Энэ ажил хэрэгжвэл Нийслэлийн замын санд хөрөнгө төвлөрөхөөс гадна замын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө.

-Ашиглалтын хугацаа дууссан авто замуудын хэдэн хувийг энэ онд шинэчлэх вэ?
-Улаанбаатар хот 427 км замтай. Үүний 80 хувь буюу 330 гаруй км замыг шинэчлэх шаардлагатай. Энэ онд Зүүн дөрвөн замаас X хороолол хүртэлх авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Тэгэхээр 330 гаруй км замын 10 хүрэхгүй хувь нь шинээр баригдана.

-Жолооч нар эвдэрсэн замаар явах бүрдээ “Биднээс авдаг татварын мөнгөөр замаа шинэчилж болмоор юм. Тэр мөнгө хаашаа ордог байна аа” гэж ундууцдаг?
-Нийслэлийн замын сангийн төсөв тээврийн үйлчилгээ татвар, авто зам ашигласны хураамжаас бүрддэг. Тэгэхээр дээрх хоёр эх үүсвэрээр олсон хөрөнгө нийлээд таван тэрбум 350 сая төгрөг бүрдүүлсэн байна. Хэрэв иргэдийн татварын мөнгийг яаж зарцуулж байгааг мэдэхийг хүсвэл www.autozam.ub.gov.mn хаягаар орж хянах боломжтой.

-Замын арчилгаанд 200 сая төгрөг төсөвлөжээ. Замын мөс цасыг дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид цэвэрлэдэг шүү дээ?
-Цас их орсон үед Нарны замд халтиргаа, гулгаа үүсч, Айдасын даваа, Морингийн даваа боогдож авто машин нэвтрэх аргагүй болдог. Онцгой үед хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхэд дээрх хөрөнгийг зарцуулдаг.

SOURCE: Нийгмийн толь

No Tags

228 total views, 1 today

  

Leave a Reply