Авто замын хяналт судалгааны төвөөс “Авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд салбар хариуцсан яамны удирдлагууд болон зам барилгын компаниудын төлөөлөл, Авто замын хяналт судалгааны төвийн холбогдох хүмүүс ирсэн байв. Хурлаар зам барилгын компаниудад үүссэн хүндрэлийг хэлэлцэж, энэ онд баригдах замын санхүүжилтийн талаар голлон ярьсан. Энэ онд гүйцэд баригдаагүй замыг дуусгах, шинээр зам тавих гээд нийт 470 км замыг ашиглалтад оруулах боломжтой аж. Үүнд улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 71.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох ёстой. Мөн гадаадын зээл, тусламжаар 37.3 сая ам.доллар орж ирэх аж. Гэвч улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх сангаас өгөх санхүүжилт бүрхэг байгааг хэлсэн. Үүнтэй холбоотойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн замын хэмжээ багасч магадгүй аж. Уг нь Засгийн газраас 2009-2012 оны хооронд 4375 км зам, 2374 метр гүүр барих зорилт тавьсан байна. Уг ажлыг гүйцэтгэхийн тулд жилд ойролцоогоор 1300 км зам тавих шаардлагатай аж. Харамсалтай нь компаниудын машин механизмын хүчин чадал, мэргэжилтэй ажилтны нөөц бололцоо, хөрөнгө санхүүжилтээс хамаарч жилд ердөө л 225 км зам, 320 метр гүүр шинээр барих боломжтой гэнэ. Одоогийн байдлаар зам, гүүрийн барилгын салбарт 400 инженер, 2000 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Мөн 1200 орчим машин механизм ашиглагдаж байгаа юм. Эдгээрийг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай аж. Компанийн удирдлагууд “Шатахуун, материалын үнийн зөрүүг Засгийн газар олговол ажилдаа гарахад бэлэн” хэмээн ярьж байна. Зам, гүүрийн компаниуд анх гэрээ хийхдээ шатахуун, материалын тухайн үеийн ханшаар тооцож санхүүжилтээ авсан. Гэтэл ажлын явцын дунд шатахуун, материалын үнэ хэд дахин өссөн байна. Энэ нь эргээд компаниудад хүндрэл учруулах болжээ. Уг асуудлыг Засгийн газар судалж, долдугаар сарын дотор УИХ-д оруулахаар төлөвлөөд байгаа юм. Гэвч хоёр сар хүлээх боломж алга гэдгийг компанийн удирдлагууд учирлаж байв. Энэ үеэр яригдсан чухал асуудлын нэг нь замын чанарын тухай байв. Авто замын хяналт судалгааны төвөөс компани бүр лабораторитой байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ингэснээр компаниуд зам барихад ашиглаж байгаа шороо, цемент, хайрга гээд бүхий л материалын чанарыг тухай бүрт нь шинжлэх боломжтой болох аж. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд дэвшил гарч, томоохон компаниуд лобораторитой болжээ. Харин жижиг компаниуд материалаа зөөвөрлөн шинжлүүлж байгаа юм. Эндээс шалтгаалж цаг хугацаа алдахаас гадна материал бүрэн шинжилгээнд хамрагдахгүй байх хүндрэл үүсдэг байна. Зөвлөгөөнөөр авто замын салбарт шийдвэрлэх шаардлагатай 15 асуудлыг танилцуулсан. Үүнд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, зураг төслийн чанарыг сайжруулах зэрэг асуудлууд тусгагдсан байв.
Нийгмийн толь






0 Comments on “Авто замын салбарт олгох санхүүжилт хүндрэлтэй байна”
Leave a Comment