ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЛЭЭ
Өчигдөр өглөөнөөс эхлэн нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрлээ. Өдөр нь намуухан, цас хаялж цаг агаар хэдийгээр тогтуун байсан боловч үдээс хойшоос эхлээд эрс хүйтрэн зорчих хэсгийн гадаргуу хөлдөж замын хөдөлгөөнд оролцогч нарыг хүнд байдалд орууллаа.
Өнгөрсөн хоногийн үдээс хойшоос эхлэн Замын цагдаагийн газрын жижүүр дээр ирэх дуудлагын тоо ихэссэн байна.
Мөн хотоос гардаг замууд цаг агаарын байдлаас үүдэн хаагдахад хүрлээ. Ялангуяа 22 –ын болон Баянзүрхийн, Яармагийн товчооноос гарах замууд ихээхэн хальтиргаатай байсан гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
Өнгөрсөн хоногт Зам тээврийн ослын 109 дуудлага ирсэн ба үүнээс гэмт хэргийн шинжтэй 3 дуудлага гарч 5 хүн гэмтсэн ба 17 зам тээврийн осол бүртгэгджээ. Ослын гол шалтгаан нь хальтиргаатай холбоотой байх ба жолооч нарын ур чадвараас ихээхэн шалтгаалсан байна. Өчигдөр орой 17.00-21.00 цагийн хооронд хотын төвийн өгсүүр замуудад мөн хальтиргаанаас үүдсэн түгжрэл багагүй үүсчээ. Жишээлбэл: 25 дугаар эмийн сангаас хойш өгсүүр зам, Гэсэрээс телевизрүү өгсдөг замууд, Дэнжийн 1000 орчим ихээхэн хальтиргаатай байлаа.
Цаашид цаг агаараас үүдэн гарсан хүндрэл бэрхшээл үргэлжлэх хандлагатай байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч нарыг болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
282 total views, 1 today

