Эвдэрч, хэмхэрсэн машинуудыг хүртэл тоолно
Авто машины үзлэг, тооллого болох гэж байгаатай холбогдуулан Замын цагдаагийн газрын Бүртгэл техник, хяналтын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Авто машины үзлэг, тооллого хэзээ эхлэх вэ?
-Энэ жилийн авто машины үзлэг, тооллогыг энэ сарын 15-наас тавдугаар сарын нэгний хооронд зохион явуулах гэж байна. Үзлэг тооллого явагдаж дууссаны дараа зургадугаар сарын нэгнийг хүртэл үзлэгийн үндсэн хугацаанд үзлэгт хамрагдаж чадаагүй, ашигладаггүй эсвэл эзэн нь тодорхой хугацаагаар гадаад руу явсан машинуудыг хамруулна. Мөн үзлэгийн үндсэн хугацаанд хаяг юм уу байршил нь зөрсөн машинуудад хаягийн шинэчилсэн бүртгэл хийнэ.
-Аж ахуйн нэгж, байгууллагууд энэ үзлэг, тооллогод яаж хамрагдах вэ?
-Юуны түрүүнд тухайн байгууллага дансандаа байгаа бүх машинуудаа Замын цагдаагийн газрын бүртгэлийн сантай тулгалт хийсэн байх ёстой. Үүний дараа замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудаа үзлэгт хамруулна.
Үзлэгийн дараа тухайн байгууллага ашиглалтаас гаргах, эвдэрсэн эсвэл худалдсан машин байвал түүнийгээ бүртгэлийн сангаас хасуулах шаардлагатай. Хэрвээ үзлэгийн хугацаанд эвдрэлтэй байвал зохих журмын дагуу үзлэг, оношлогоонд нь оруулсны дараагаар хөдөлгөөнд оролцуулна.
-Иргэдийн хувьд?
-Хэрвээ тухайн иргэн нэг жилийн хугацаанд шилжилт хөдөлгөөн хийсэн бол шилжиж очсон газрынхаа хороондоо бүртгүүлэн хорооны даргынхаа тодорхойлтыг авсан байх шаардлагатай. Харин бүртгүүлээгүй тохиолдолд таван сарын нэгнээс зургаан сарын нэгний хооронд явагдах хаягийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадахгүй байх хүндрэл гарч болзошгүй. Иймд иргэд эртхэн хаягийн бүртгэлээ цэгцлэх хэрэгтэй байна.
-Өмнөх жилүүдэд авто машины үзлэг тооллого ихэвчлэн дөрвөн сард болдог байсан. Харин энэ жил нэлээн эрт эхэлж байна?
-Тавдугаар сар гаргаад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа болохоор хүмүүс ихэвчлэн хөдөө явчихдаг тал бий. Гэхдээ хамгийн гол нь үзлэг, тооллого зургаадугаар сарын нэгэн гэж дуусахаар Замын санд төвлөрсөн мөнгийг замаа засах, тэмдэглэгээ хийх, тэмдэг тавих зэрэгт хуваарилах гэсээр байтал долдугаар cap гаргачихдаг.
Ингээд наадмын өмнө хальт өнгөлсөн, нөхсөн болоод л борооны улиралтай золгочихдог. Тиймээс тавдугаар cap гарангуут дулаарчихдаг болохоор энэ ажлыг эртхэн эхлүүлэхээр төлөвлөж байна.
-Энэ жил хэдэн машин тооллогод хамрагдах төлөвтэй байна. Тодорхой судалгаа гаргасан уу?
-Өмнөх жилд Замын цагдаагийн газрын бүртгэлийн санд 216 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Үүний 130 мянган орчим тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдах болов уу гэж тооцоолж байсан. Гэвч үзлэгт 120 орчим мянган тээврийн хэрэгсэл хамрагдсан.
Ингэхлээр цаана нь үлдэж байгаа 90 мянган машин хаачив гэсэн асуулт гарч ирнэ. Үүний ихэнх нь машинаа бүртгүүлчихээд гадаад явчихсан, эвдэрч хэмхрээд ашигладаггүй эсвэл хотод бүртгүүлчихээд хөдөө орон нутаг руу зарчихсан машин байдаг. Ийм хариуцлагагүй байдлыг энэ жил зогсооно. Бид бүртгэлтэй байгаа мөртлөө үзлэг, тооллогод ордоггүй 90 мянган машиныг нэг бүрчлэн явж хаягийг нь тогтооно.
Эвдэрч хэмхэрсэн машиныг ч хүртэл тоолно гэсэн үг. Нийслэлд жил ирэх тутам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Жилд бараг 30-40 мянган машин гаднаас орж ирдэг. Иймд энэ жил 160 мянга орчим тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдах болов уу гэж тооцоолж байгаа.
-Машины тоо ихсэх тусам үзлэг хийх цагдаа нарын ачаалал нэмэгдэнэ. Товлосон хугацаандаа дуусгаж чадах уу?
-Энэ жилийн хувьд түрүү жилтэй харьцуулахад 30-40 мянган тээврийн хэрэгсэл нэмж бүртгүүлнэ гэдэг албан ёсных биш. Тийм болохоор өнгөрсөн жилийн үзлэг хийсэн орон тоон дээрээ бага зэрэг хүн нэмэгдүүлэхэд л товлосон хугацаандаа ажлаа амжуулна гэж тооцоолж байгаа.
-Татварын мөнгө зарцуулагдах ёстой газраа хүрэхгүй байна гэсэн хардлага байдаг?
-Энэ асуудлыг дээр дооргүй л шүүмжилдэг. Гэхдээ энэ жилийн хувьд зам засварын ажил эрт эхэлж байгаа болохоор хяналт тавьдаг газрууд нь хангалттай байна.
-Үзлэг, тооллогын тогтоосон хугацаанд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг яах вэ?
-Тогтоосон хугацаандаа үзлэг тооллогод хамрагдаагүй бол авто машиныг нь журамлаж, торгодог хуультай.
Машинаа хаана үзлэгт оруулах вэ?
Дүүргийн нэр Тооллогын байр Байршил
Сонгинохайрхан “Автобус 2″ ХХК-ийн байр СХД-ийн 20-р хорооны байр
Сүхбаатар “Автобус 3″ ХХК-ийн байр СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр
Баянзүрх “Их сүлд” группийн байр БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр
Баянгол “Хөсөг трейд” ХХК-ийн байр БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр
Хан-Уул “Цагаан ноён” ХХК-ийн байранд ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр
Чингэлтэй “Дэнжийн 1000″ ХХК-ийн байр ЧД-ийн 12-рхорооны нутаг дэвсгэр
Налайх Уул уурхайн аврах ангийн байранд Налайх дүүрэг
Багахангай Багахангай дүүрэг, ЗДТГ Багахангай
Багануур Багануур дүүргийн ЗДТГ Багануур дүүрэг
Б.Ариунзаяа
Улаанбаатар таймс
375 total views, 1 today


sv 40 zarha