Америкийн автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “General Motors” компани дэлхийн топ автомашин үйлдвэрлэгч гэх нэр хүндтэй цолоо 77 жилийн турш хадгалсны эцэст Японы “Toyota” корпорацид алджээ. “GM”, “Ford” болон “Chrysler” нарын хувьд 2008 он хүндхэн болж өнгөрсөн. Тэдгээрээс “GM” компанийн хувьд автомашины борлуулалт урьд өмнө байгаагүй хэмжээнд буурч, ирээдүйгээ аврахын тулд чухал арга хэмжээ авах шаардлагатай тулгарчээ.
CNN Money-гийн мэдээлж буйгаар тус компани 77 жилийн турш хадгалсаар ирсэн дэлхийн топ автомашин үйлдвэрлэгч гэх цолоо “Toyota Motor” корпорацид алджээ. Өнгөрсөн онд “GM” компанийн борлуулалт дэлхийн хэмжээнд 10.8 хувиар буурч, 8.36 сая автомашин борлогдсон бол “Toyota”-гийн 8.97 сая автомашин зах зээлд эзнээ олсон байна.“GM” компанийн борлуулалтын шинжээч Майк ДиГиованни хурлын үеэр хэлэхдээ “Дэлхийн борлуулалтын хэмжээгээр номер нэг байна гэдэг худалдан авагчдын хувьд чухал зүйл биш гэж бодож байна. Тэдний хувьд юу чухал вэ гэхээр хүчтэй, нэр хүндтэй брэнд, сайн бүтээгдэхүүн” гэсэн байна.
Харин “Toyota”-гийн хэвлэлийн төлөөлөгч Стивен Куртис “Дэлхийн номер нэг болох гэдэг бидний зорилго байсан. Чанар болон худалдан авагчдыг өөртөө татах тал дээр тэргүүлэгч байх нь чухал” гэжээ.Өнгөрсөн он авто салбарынхны хувьд хүндхэн жил болж, томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд салбар үйлдвэрүүдийнхээ үүдийг барьж, үйлдвэрлэлээ багасгаж, орон тооны цомхотгол хийж, зарим нь бүр дампуурлын ирмэгт тулсан. 2009 онд ч энэ байдал төдийлөн дээрдэхгүй гэдгийг үйлдвэрлэгчид онцлон хэлж байгаа юм.
Хэдийгээр “Toyota” дэлхийн хэмжээнд борлуулалтаараа тэргүүлсэн ч 2008 онд борлуулалт дөрвөн хувиар буурсан бөгөөд энэ санхүүгийн жилд алдагдал амсах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Анх байгуулагдсан цагаас хойш тус компани анх удаагаа алдагдал амсах гэж буй нь энэ ажээ.
SOURCE: news.mn






on Jan 26th, 2009 at 05:04
toyota ch chanartai l daa. GM chanar in tanigdaad humuus awahaa baij baigaa bizdeee