“General Motors” хамгийн ахмад үйлдвэрээ хаах бололтой
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “General Motors” компани хамгийн эртний үйлдвэрийнхээ үүд хаалгыг удахгүй хаах бололтой. Йанесвилд орших уг салбар нь 1918 онд байгуулагдсан бөгөөд анх трактор үйлдвэрлэх зорилгоор байгуулж, харин 1923 оноос эхлэн Chevrolet загварын автомашин үйлдвэрлэх болсон байна. Компанийн удирдлага санхүүгийн өнөөгийн байдалтай дасан зохицохын тулд том оврын автомашиныхаа үйлдвэрлэлийг зогсоосон учир тус салбар үйлдвэр үндсэндээ хийх ажилгүй болж байгаа юм. Түүнчлэн Висконсин мужийн өмнөд хэсэгт орших тус үйлдвэрийн 1200 ажилчид тодорхой бус хугацаагаар ажилгүй болж байна. Мөн “GM”-ийг эд ангиар хангадаг бусад салбарын 800 ажилтан ч цомхотголд өртжээ.
“GM”-ийн хамгийн олон жилийн түүхтэй салбарын ажилчид олон жилийн турш Chevrolet Suburban, GMC Yukon зэрэг седан болон SUV загварын автомашин үйлдвэрлэж байсан бөгөөд өнгөрсөн зунаас эхлэн овор ихтэй, шатахуун их зарцуулдаг автомашины борлуулалт эрс буурсантай холбоотой ийнхүү байдалд оржээ. “GM”-ийн борлуулалт 18 хувиар буурч, өнгөрсөн 18 сарын хугацаанд компани 57.5 сая ам.долларын алдагдал амссан байна. Үүнтэй холбоотойгоор компанийн удирдлага энэ онд 11 мянган ажилчдаа хална хэмээн мэдэгдсэн бөгөөд тэдгээр ажилчдын 1080 нь өчигдөр хаалгаа барьсан Охайо дахь салбарт хамаатай гэнэ.
252 total views, 1 today

