Автомашины “Формула 1″ ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн залуу аварга болсон Льюис Карл Дэвидсон Хэмилтон нь 1985 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Их Британийн зүүн хэсэгт орших “Стивинэж” хотод мэндэлжээ.
Тухайн үед хөнгөн атлетикийн нэрт тамирчин Карл Льюисийг эцэг нь шүтэн биширдэг байсан тул энэхүү нэрийг хайрласан аж. Бага байхад нь түүний эцэг эх нь салж 12 настайд нь эцэг Энтони Хэмилтон нь Линда хэмээх бүсгүйтэй гэрлэснээс хойш одоо хүртэл тэрээр аав, хойд эх, дүү Николасын хамт дөрвүүлээ амьдарч байгаа юм. Найман настай байхдаа “Картинг”-ийн уралдаанд оролцож спортын гараагаа эхэлжээ.
“Картинг” гэдэг нь бүхээг нь онгорхой, дөрвөн дугуй нь жижиг, моторын хүчин чадал багатай механизмын уралдааныг хэлдэг. Багаасаа л мотоспортод авьяастай нь мэдэгдэж эхэлсэн Льюис Хэмилтон 10 настай байхдаа Британийн “Картинг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд шагнал гардуулахаар ирсэн “МакЛарен Мерседес” багийн босс Рон Деннист хандан “Сайн уу. Намайг Льюис Хэмилтон гэдэг. Би Британийн аварга байна. Нэг л өдөр би танай машинаар уралдах болно” гэж хэлсэн гэдэг. Хариуд нь Рон Деннис “Над руу есөн жилийн дараа залгаарай. Тэр үед чамайг шалгая” гэжээ. Харин Хэмилтон удаан хүлээсэнгүй. Өөрийн авьяас чадвараа харуулсаар 1998 онд 13-хан настайдаа “МакЛарен”-ы жолоочийн сургалт, хөтөлбөрт хамрагдах болжээ. Энэ нь түүнийг “МакЛарен” багийн түүхэнд хамгийн залуу нисгэгч болгосон юм. Тэрээр 1999 онд “А” уралдаан, 2000 онд “Формула А”-д уралдсан бөгөөд 2001 онд “Формула Супер А” ангилалд Европын аварга болжээ.
Хэмилтон эдгээр уралдаануудад авч болох хамгийн өндөр оноог аван түрүүлсэн юм. Тэр жилдээ Британи дахь Рено багийн нисгэгч болж өвлийн уралдаануудад оролцож эхэлсэн бөгөөд 2004 он хүртэл энэ багтаа хүчин зүтгэжээ. Харин тухайн жилийн эцэс гэхэд “МакЛарен” багтай шинэ гэрээ байгуулж “Ф-3″-т уралдаж эхэлсэн байна. 2005 онд Английн “Автоспорт” сэтгүүлээс Британийн шилдэг 50 жолоочийг шалгаруулахад Хэмилтон 24-т оржээ. 2006 оны төгсгөлд “МакЛарен”-ы “Формула 1″ дэх нисгэгчид болох Хуан Пабло Монтояа “НАСКАР” уралдаан руу, Кими Райконнен Феррари руу явснаар залуу Хэмилтонд боломж гарч иржээ. 2007 онд тэрээр Британийн багийн нэрийн өмнөөс дэлхийн аварга Фернандо Алонсогийн удаахь нисгэгч болон “Формула 1″-д уралдах болсон юм.
Дэлхийн хамгийн их үзэгчтэй уралдаанд оролцсон эхний жилдээ л Хэмилтон дуулиан шуугиан, дээд амжилтуудыг тогтоож эхэлжээ. Улирлын хамгийн эхний уралдаанд тэрээр гуравдугаар байрт орж шагналын тавцанд зогссон бөгөөд цааш цаашдын амжилтуудаараа энэ нь аз биш байсан гэдгийг харуулсан билээ. АНУ-д болсон Индианаполисийн хурдны зам дээр анх удаа тэргүүн байрт орж алдарт Жэк Вилланевийн амжилтыг давтсан бол улирлын төгсгөл гэхэд нисгэгчдийн жагсаалтыг оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Улмаар 2007 онд уралдсан 17 гарааныхаа дөрөвт нь түрүүлж Бразилийн гран при уралдаан хүртэл дэлхийн аварга болох боломжтой байсан ч эцсийн мөчид алдаа гаргаж аварга цолоо “Феррари”-гийн Кими Райконненд алдсан цаг нь саяхан.
2007 онд тэрээр алдар нэр, гавьяа шагналыг олсон ч бас чамгүй олон дайсантай болоод амжсан. Гэхдээ л олон хүн түүнийг дараа жил аварга болно гэдэгт итгэж байсан юм. Үүнийг ч өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаараа тэр баталдаг. Льюис Хэмилтон “Картинг”-аас авахуулаад уралдсан уралдаан бүртээ хоёр дахь жилд нь аваргалдаг уламжлалтай. 2008 оны улиралд ч үүнийгээ бататгасан юм.
Улирлын эхэнд Феррари баг дийлдэшгүй мэт байсан ч зохион байгуулалттай сайн баг, уралдааны авьяасынхаа ачаар улирлын төгсгөл гэхэд нийт оноогоор Хэмилтон тэргүүлж эхэлжээ. Гэхдээ л өмнөх жилийн адилаар сүүлийн уралдаан Бразилийн гран при дуустал аварга болох нь тодорхойгүй байв. Энэ уралдаанд Хэмилтон тавдугаар байрт орж дөрвөн оноо авахад л аварга болох боломжтой байлаа. Харин уралдааны явцад тооцоолоогүй зүйл болж өмнөө хоёр ч нисгэгчийг гаргаж орхижээ. Ийм хүнд нөхцөлд тэрээр барианд орохоос ганцхан секундын өмнө урдаа явсан Тимо Глокыг гүйцэж чадсанаар “Формула 1″-ийн 2008 оны аварга болж чадсан билээ. Үүгээрээ есөн жил аваргаа хүлээсэн Британи орон, “МакЛарен” багийн зорилгыг биелүүлсэн бөгөөд дэлхийн хамгийн залуу аварга болж түүхэнд нэрээ үлдээсэн юм.
“Юунаас ч бүү ай. Хүсэл тэмүүллийнхээ төлөө бүхнийг хий” гэж хэлэх дуртай Льюис Хэмилтон алдарт “ПуссиКэт Доллс” хамтлагийн гоцлол дуучин Николь Шерцингертэй үерхдэг бөгөөд одоо Швейцарьт амьдарч байгаа билээ.
SOURCE: origo.mn








on Dec 1st, 2008 at 21:46
SAYHAN TSAADAH CHINI ONI ALDARTAN BOLJ BAMBIE GEDEG TSOM AWSAN BNASHOOO
on Dec 3rd, 2008 at 15:36
DARA MASSA F1-IN DELHIIN AWARGA BOLNO ZAA