Welcome, visitor! [ Register | Loginrss

Азийн аваргатай Авто мото клуб-50 жил

| Мэдээ мэдээлэл | 2008/11/24

Манай оронд хувьсгалаас өмнө эрийн гурван наадмаас өөр спортын ямар ч төрөл хөгжөөгүй байлаа. Ардын засаг ялсны анхны өдрөөс ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, соёлыг эзэмшүүлэх талаар дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсний нэг жишээ нь орчин үеийн биеийн тамир спортыг өөрийн оронд хөгжүүлж эхэлсэн явдал юм. 

Төрөл бүрийн техник, машин мотоцикл улс ардын аж ахуй ард түмний хэрэгцээнд өргөн нэвтэрч эхэлсэн хувьсгалын дараахь 1930-аад оноос манай үндэсний боловсон хүчнүүд орчин үеийн техниктэй богино хугацаанд танилцаж түүнийг чадварлаг эзэмшиж чаддаг болсны зэрэгцээ техникийн спортоор сонирхон хичээллэж эхэлсэн.

Тэр үеэс өнөөдрийг хүртэл манай улсад мотоциклийг нийтийн хэрэгцээнд өргөн хэрэглэж, техник спорт сонирхогчдын хүрээ өргөжсөн. Монгол улсад мото спортын эхлэл 1948 онд тавигдаж, 40 км-ийн бартаат замын мотоциклын уралдааныг анх удаа зохион явуулахад тэргүүн байрт “Цэрэг” спорт нийгэмлэгийн тамирчин Базар түрүүлж байжээ. 1955 он хүртэл зөвхөн баяр ёслол тэмдэглэлт ойгоор хувийн унааны мотоциклоор уралдаан явагдаж байснаа хөгжлийн шинэ шатанд орж Биеийн тамирын хорооны дэргэд мотоспортын анхны секцийг ЗХУ-ын мэргэжилтэн багш А.Н.Пискаревын санаачилгаар байгуулж манай ууган мастер Ц.Адилбиш, Д.Базарсад, Н.Элбэг, С.Ойдов, Б.Дамбий нар анхлан орж хичээллэсэн түүхтэй.

1955 оны тавдугаар сарын 2-нд мотоциклын бартаат замын анхны улсын аварга шалгаруулах уралдааныг Мах комбинатын орчим зохион явуулахад энгийн унааны мотоциклоор 10 гаруй залуучууд оролцож “Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчин Д.Базарсад түрүүлж БНМАУ-ын анхны аварга цол хүртэж байсан. Энэ уралдаанаас хойш жил бүр улсын аварга шалгаруулж, тамирчдын амжилтыг ахиулах олон уралдаан зохион явуулж байсны зэрэгцээ мотоциклоор трамплинаас харайх, акробат үзүүлэлт зэргийг хийдэг байв. 1955 оны арваннэгдүгээр сарын 4-нд хувийн болон багийн уралдаан зохиогдож 16 тамирчин оролцсоноос “Хөдөлмөр” нийгэмлэгийн Б.Дамбий түрүүлж (Радио спортын гавьяат дасгалжуулагч), “Хоршоолол” нийгэмлэгийн Дамбаравчжаа, “Соёл” нийгэмлэгийн Даваадорж нар удаах байрт орсон байдаг.

1957 онд Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг байгуулагдаж, 1958 онд түүний дэргэд Төв Авто Мото клуб бий болж өөрийн оронд авто мото спортыг сурталчлан хөгжүүлэх үндэс суурь тавигдсан. Чухам энэ үеэс мотоспорт сонирхогчдын тоо өсч, Төв авто мото клуб нь орон тоо зохион байгуулалт материал техникийн хувьд бэхжин мотоспортын анхны мастер, улсын шүүгч нар төрөн гарсан. БНМАУ-ын мотоспортын анхны мастер цолыг 1959 онд Төв Авто Мото клубийн даргаар ажиллаж байсан анхны тамирчдын нэг Ц.Адилбиш хүртэж, 1961 онд Л.Тэрбиш анхны улсын шүүгч цол хүртэж байсан бол өдгөө мотоциклын спортын гавьяат тамирчин нэг, ОУХМ 35, спортын мастер 120 гаруй, Олон улсын шүүгч тав, улсын шүүгч 50 гаруй төрөн гарсан байна.

Тэр цагаас хойш мотоспортын тамирчид олон улсын уралдаан тэмцээнд оролцож 1959 онд ЗХУ-ын Хабаровск хотод зохиогдсон олон улсын уралдаанд спортын мастер Ц.Миеэгомбо оролцож анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан. 1964 онд Унгар улсад зохиогдсон Ах дүү армийн аварга шалгаруулах уралдаанд Монголын баг II байрт шалгарч байсан. 1960-аад оноос мотоспортын шинэ төрөл мотоциклын мөсөн замын уралдааныг зохион явуулж, манай ахмад тамирчид тив дэлхийн уралдаануудад оролцож эхэлсэн.

Төв Авто Мото клуб нь хөгжлийн хугацаанд шигшээ багийн болон секцийн сургалтаар олон арван тамирчдыг бэлтгэсэн байгууллага юм. 1958 онд байгуулагдсан Төв Авто Мото клубт Ц.Адилбиш, Ц.Болд, Г.Онцор, С.Зоригтбат, Ж.Цогоо, Гүржав, Л.Баасанжав нар даргаар, Ж.Лувсандаш, Ц.Болд, С.Лхам, Т.Мандалин, Х.Пүрэв, Б.Санжрагчаа, Д.Баярсайхан, Л.Баасанжав, Ю.Эрхэмбаяр нар мотоспортын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 1997 он хүртэл тусдаа бие даан үүрэг гүйцэтгэж байсан спортын клубүүдийг нэгтгэн Техникийн спортын төв болгон ажиллахад мотоспортын клуб нэгдэн орж урьдын ажил үүргээ гүйцэтгэж байгаа.

Техникийн спортын төвийн даргаар 1997-2005 онд М.Жанцанхорлоо, 2005 оноос одоог хүртэл Д.Ганбат удирдаж, 1997 оноос одоо хүртэл мотоспортын дасгалжуулагчаар ОУХМ Ш.Эрдэнэбилэг, Д.Очирсүх, Б.Хадбаатар нар ажиллаж байгаа.

Сүүлийн үеийн мотоспортын тамирчдын гаргасан амжилт Техникийн спортын төвтэй салшгүй холбоотой бөгөөд 2007 онд Азийн багийн аварга шалгаруулах мотоциклын бартаат замын уралдаанд ОУХМ Э.Халиунболд, Б.Ган-Од нар оролцож багаараа мөнгөн медаль, 2008 онд ОУХМ Э.Халиунболд Азийн аварга шалгаруулах уралдааны цувралуудад (Филиппин, Иран, Индонез) уралдаж Азийн аварга гэдэг эрхэм цолыг анх удаа хүртэж Төв Авто Мото клубийн 50 жилийн ойдоо бэлэг барьж байна. 2008 онд Мотоциклын бартаат замын багийн дэлхийн аварга шалгаруулах уралдаан Английн Доннингтонд анх удаагаа оролцов.

SOURCE: Таван цагираг

No Tags

271 total views, 1 today

  

Leave a Reply