Welcome, visitor! [ Register | Loginrss

Ченжүүд шинэхэн лизингийн үйлчилгээ нэвтрүүлж эхлэв

| Мэдээ мэдээлэл | 2008/11/20

-Дэлхийн санхүүгийн хямрал манай автомашин борлуулагч нарыг туйлдуулж байна-

Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх хямрал хүрээгээ тэлсээр “цунами” болов. Энэхүү “цунами” манай улсын автомашин борлуулагч нарт хүндээр тусч эхэллээ. Учир нь өнгөрсөн сарын дундуур банкууд зээлээ хааж, бууруулсан нь тэдний бизнесийг ийн хүнд байдалд оруулжээ. Өнөөдрийн байдлаар “Дэнжийн 1000” худалдааны төв дэх автомашин борлуулах захад 50 гаруй иргэн талбай түрээсэлж, бизнесээ эрхэлж байна. Энд таван машин зарах гэсэн нэгэн байхад ганцыг наймаалцах гэж хэдэн өдрийг хий дэмий өнгөрөөсөн хүн ч байлаа.

Тус автомашин борлуулах захад хүний хөл үл тасарна. Машиныг нь тоогоод ирсэн нэгнийг худалдагч нар “Сайн ярина шүү. Таван литр шатахуунтай байгаа “гэхчлэн үгээр угтан авч эцэст нь “Ямар үнэтэй юм бэ” гэсэн үгээр “ам руугаа алгадуулж үлдэнэ”. Эцэс сүүлд нь худалдагчийн арга нь нарийсч “оруулж ирсэн үнээр нь зарна” гэх болжээ. Ийн өдрийг өнгөрөөх зуур тэд зүгээр суухгүй ээ. Хэд хэдээрээ бүлэг болж хөзөр тоглоно. Ингэхдээ өөрт таарсан бооцоо тавих аж. Тодруулбал, хожигдсон бүлэг нь хожсоноо өдрийн хоолонд даах зэрэг шан өгнө. Өдөр хоног өнгөрөх тоолонд хэтэвчиндээ багтаж ядсан хэдэн халтар төгрөг нь нимгэрсээр. Хэдэн өдөр тэднийг хий дэмий хөзөр тоглож сарын түрээсэндээ дарагдахыг хэн ч хэлж мэдэхгүй ч. Хүлээхээс ч аргагүй юм. Энэ бизнесээр ар гэрээ тэжээдэг тэдэнд өөр хэн туслах билээ. Өглөө ажилтай юм шиг гэрээс гарч их хотын нэгээхэн хэсэгт амьдралдаа зарцуулах хэдэн халтар төгрөг олохоор зүтгэх тэдэнд хүнд байгаа нь ойлгомжтой. Толгой ажиллаж байгаа цагт гар хөдөлж л таарна гэгчээр тэд зүгээр суухыг хүссэнгүй.

Банк зээлээ хааж, бууруулсан нь автомашинтай болох гэсэн иргэдийн хүслийг мохоож, түүгээр хөлжигч нарыг ажилгүй суулгаж байгаа нь өнөөдрийн үнэн. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйн” үлгэрээр автомашины ченжүүд энэ хүнд өдрүүдийг ингэж давах боломжгүй гэдгээ ухамсарласан уу ямартай ч зах зээл дээр нэгэн шинэхэн үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Тодруулбал, ченжүүд мэргэжлийн эдийн засагчийг хөлсөлж банкаар бус өөрсдөө автомашиныг лизингээр авах боломжийг олгожээ. Ингэхдээ тэд тухайн иргэнийг заавал нийслэлийн харьяат байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж. Мөн иргэний үнэмлэх, өргөдөл, барьцаа (үл хөдлөх хөрөнгө), цалингийн тодорхойлт зэрэг бичиг баримт бүрдүүлнэ. Энэ бүх бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай. Хэдийгээр бүрдүүлэх бичиг баримт олон ч таниас ямар ч урьдчилгаа мөнгө авахгүй аж. Энэ бүх бичиг баримтаа бүрдүүлээд очсон тохиолдолд тус захад худалдаа эрхлэгч нарын хэнтэй ч наймаа хийх боломжтой. Та тухайн автомашин борлуулагч нартай гэрээ хийж сарын 0.7 хувийн хүүтэй 100 хувийн лизингийн үйлчилгээгээр төмөр хүлэгтэй болох боломжийг ченжүүд санаачилсан байна. Бүх зүйл “хуулийн дагуу явагдах бөгөөд эргээд таниас илүү мөнгө авахгүй” хэмээн тэд ам бардам ярьж байлаа.

Сүүлийн үед “шатахууны үнэ энэ сарын 15-ны бямба гаригт буурна” гэсэн мессеж тархах болсон. Энэ сургаар хөзөр тоглож өдрийг өнгөрөөдөг ченжүүд багагүй үйлчлүүлэгчтэй байгаа ч наймаа нь нэг л урагшгүй байгаа аж. Тус төвд “Ланд крузейр 80”-аас эхлэн “Аксент” машин эзнээ хүлээсээр. Гэвч баруун, зүүнээрээ бэлэн мөнгө тоолж өгөх хүн нь цөөн учир тэд дээрх аргыг сүвэгчилсэн байна. Хэдийгээр шатахууны үнэ хямдарч байгаа ч төмөр хүлэгтэй болох гэсэн иргэдийн тоо эрс цөөрсөн байна. Ченжүүд үүнийг “цаг үетэй холбоотой” хэмээж байгаа ч хэтэрхий өндөр үнэтэй машин авч төдий хэмжээний өртөгтэй шатахуунаар автомашинаа “угжих” хүн цөөрчээ. Гэхдээ банк зээлээ хаачихлаа хэмээн тэд гараа хумхиж суулгүй зах зээлд нэвтрүүлсэн шинэхэн үйлчилгээг иргэд тооно гэдэгт итгэн хүлээж, өдрийг өнгөрөөсөөр.

Дашрамд дуулгахад, алдарт “Тоёото моторс” корпораци ирэх онд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ хувийг багасгаж 9.7 сая машин зах зээлд нийлүүлэх болжээ. Өөрөөр хэлбэл, тус корпораци жилд 10.4 сая автомашин үйлдвэрлэхээс 9.7 саяыг үйлдвэрлэх болсон байна. Мөн Европт автомашины худалдаа 6.7 хувиар буурсан байна.

No Tags

499 total views, 1 today

  

5 Responses to “Ченжүүд шинэхэн лизингийн үйлчилгээ нэвтрүүлж эхлэв”

  1. sain hereg bna on 2008/11/23 @ 17:36

    ene tuhai medeelliin delgerenguig haanaas awj blh be

  2. er in tegeed unetei mashin unaad unetei shatguun heregleh hun tsoohon baigaa shu dee tegeed ch mongolchuud maani gadaad dotood yavaj yum uzej nud tailaad baga ovoriin shatguun baga zartsuuldag mashind sonirholtoi baigaa shu de

  3. Anonymous on 2008/11/27 @ 11:47

    Land-80 yamar ynetei yum bol

  4. uugabold on 2010/11/17 @ 14:02

    100 lizingiin bolomjiin vnetei mashin awna. 99356527

  5. ene tgd zovhon denjiin 1000 dr bga humuus l ingej bgamu?hariu ogooch

Leave a Reply