Эрүүл мэндээр тэнцэхгүй жолоочид амь насаа даатгамааргүй байна
Улаанбаатарчуудын хөл дүүжлэх унаа нь нийтийн тээвэр. Хүн бүр хувийн машин унах боломжгүйгээс хойш өглөө, оройдоо автобус, троллейбусаа л барааддаг.
Гэвч сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээ нэг л биш болоод байна. Салж унах дөхсөн, хог шороондоо дарагдсан, хүйтэн автобусанд ааштай мөнгө хураагч, адайр жолоочид загнуулан байж хүрэх газартаа очвол их юм. Замын хагаст дугуй нь хагараад, эвдэрч зогсох энүүхэнд. Бүр өчнөөн зорчигчтой троллейбусанд гал гарсан гээд л бод. Эсвэл автобуснууд хоорондоо уралдаж, элэг зүрх амаар гаргахаа шахна. Өнгөрөгч сард зорчигчоо булаацалдсан хоёр том автобус нэгнийгээ шүргэж, толийг нь хугалсан хэрэг гарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар нийтийн тээврийн автобус жолоодож яваа хүн согтуу байсан тохиолдол ч хэд хэдийг илрүүлсэн нь бий.
Дарь-Эхийн замд осолдож, хэдэн хүний аминд хүрсэн автобусны жолооч нар хоорондоо уралдсан, хурд хэтрүүлсэн талаар тухайн үед яригдаад өнгөрсөн. Тэр болгонд үйлчлүүлэгчид дуугүй л зорчдог. Жаахан хэл ам хийх гэвэл өшиглөөд буулгачих учир тэр. Тэгсэн хэрнээ сав л хийвэл зорчих тасалбарын үнийг нэмэх гэнэ. Yнэ л нэмэхгүй бол элгээрээ хэвтлээ, алдагдалтай ажиллаж байна гэж хэл ам татлах нийтийн тээврийнхэн үйлчилгээний чанарын талаар ам ч нээдэггүй нь хачирхалтай. Саяхан том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хэвлэлийн бага хурал зарлаж, зорчих тасалбарын үнийг хоёр дахин нэмж, 800 төгрөг болгомоор байна хэмээн мэдэгдлээ. Энэ үеэр үйлчилгээний чанарын талаар асуухад “үнэ нэмсэн гээд үйлчилгээгээ чанартай болгох ямар ч арга байхгүй” гэх ойлгомжгүй хариу хэлж байсан. Тэдний хувьд олох ашиг л чухал болохоос хүмүүс ямар автобусаар яажшуухан зорчих нь хамаагүй бололтой.
Гэвч цаашид ингэж эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж зорчмооргүй байна. Өнгөрөгч амралтын өдөр гарсан осол үүнийг анхааруулж буй. Хаалтгүй төмөр замын гармаар гарч яваад хойд хэсгээрээ галт тэрэгтэй мөргөлдсөн “Атибус” компанийн Улиастайн чиглэлийн автобусны жолооч сонсгол муутай байж. Замын цагдаагийнхан болсон явдлын талаар байцаалт авах гэхэд юу ч сонсохгүй байсан гэх. Жолооч галт тэрэгний дуут дохиог сонсоогүйгээс гарам руу нэвтэрч, осол гарчээ. Тухайн үед автобусанд зургаан зорчигч явсан агаад азаар гэмтэж бэртээгүй. Хэрэв автобус галт тэрэгтэй бүтэн биеэрээ мөргөлдсөн бол ямар аймшигтай зүйл болох байсныг хэлэх аргагүй.
Гэхдээ бидэнд тэр бүр аз тохиохгүй. Замын хөдөлгөөнд оролцоход эрүүл мэндээрээ тэнцэхгүй жолоочийг яах вэ. Хориодхон хоногийн өмнө ХХААХYЯ-ны урд талын автобусны буудал дээр троллейбус нийтийн тээврийн том автобустай мөргөлдсөн осол гарсан. Ослын газарт очиход, автобусны жолооч хэдийгээр архи уугаагүй ч согтуу юм шиг харагдаж, ярьж хөөрч, хийж байгаа үйлдэл нь хүртэл согтуу хүн шиг байсан. Элэгний өвчнөөсөө болоод ийм болчихсон гэж үүнийгээ автобусны жолооч тайлбарлаж байлаа. Өнгөрсөн жил мөн жолооч нь гэнэт цус харваснаас автобустайгаа Энхтайвны гүүрнээс унасан тохиолдол гарсан. Тэр үед автобусанд явсан зорчигчид нэлээд хүнд гэмтэж бэртсэн билээ. Ийм л хүмүүст нийтийн тээврээр үйлчлүүлэгчид амь насаа даатгаад явж байдаг юм байна. Олон хавар нэгэндээ гэдэг. Биднийг сүх далайтал үхэр амар гээчийн үлгэрээр явж байтал өчнөөн хүн хохирсоор. Ирэх өдрүүдэд ч энэ асуудлыг бахь байдгаар нь орхих юм бол дээрхтэй адил осол аваар гарсаар байх нь лавтай. Ингэхэд эрүүл мэндээрээ тэнцэхгүй жолоочийг нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаардаг, болиулдаг байгууллага байна уу. Хэрэв байдаг бол энэ асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай шийдэх цаг болжээ.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага нь аюулгүй байдлыг хангахын тулд жил бүр ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулж байх ёстой аж. Жил бүр эрүүл мэндийн үзлэгт оруулж, тэнцсэн хүнийг жолоо бариулж байх ёстой юм байна. Гэтэл энэ заалт хэрэгжихгүй, энэ заалтыг хэрэгсэхгүй болчихжээ. Бааз, байгууллагууд жолоочоо эрүүл мэндийн үзлэгт хамруулахгүй, эрүүл мэнд нь ямар байгааг хэрэгсэхээ больсноос ийм хүмүүс жолоо барьж, бүр нийтийн тээврийн үйлчилгээний автобус жолоодоод явж байна.
Ерөөс өнөөдөр автобус жолоодоод явж буй хүмүүсийг харахад нэг бол их өндөр настай, эс бөгөөс дөнгөж жолооны сургууль төгссөн бололтой залуус байх юм. Ахимаг настайчууд нь эрүүл мэнд муудсан, залуус нь хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих энүүхэнд. Угтаа олон хүний амь настай холбоотой гэдэг утгаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч нарт өндөр шалгуур, шаардлага тавьдаг баймаар. Эмчийн мэргэжлээр төгсөгчид хэдэн жил дадлагажиж байж эмчлэх эрхтэй болдог. Тэгвэл дөнгөж жолоо барьж эхэлж буй хүмүүст нийтийн тээврийн автобус жолоодох эрхийг шалгаж, сорьж байж өгч болдоггүй юм уу. Yүнийг хаана хаанаа анхаарах хэрэгтэй болжээ.
SOURCE: unen.mn
341 total views, 1 today


Нээрээ үнэн шүү хүмүүс иймэрхүү зүйлсийг анхаарч баймаар юм. Бүгд үнэн зүйл бичигдсэн байна. Иймэрхүү үйлчилгээний талаар хариуцаж ажилладаг алба газар манай улсад байдаг эсэх нь тодорхройгүй