Асаа.МН Rotating Header Image

Замын бөглөрөл, замбараагүй барилгад дээрэлхүүлсэн Улаанбаатар

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний улирал айлчилснаар Улаанбаатарт дулаан гараашны асуудал шүдний өвчин болоод байна. Дэд бүтэц муу, барилгын стандарт зөрчигдсөн энэ нөхцөлд тулгарч буй бэрхшээлүүдийн нэг бол яах аргагүй машины зогсоол. Ачааллаа дийлэхээ больсон зам нь байнга түгжрээстэй. Баруунд ямар ч албан газар гадаах талбайн машины зогсоолдоо хамгийн их анхаарал тавьдаг. Тухайн байгууллагын ажилчдад зориулсан машины гарааш байрны доод давхарт нь байдаг. Харин манайд бол эсрэгээрээ. Ажилчдад зориулсан машины зогсоол гэж огт үгүй. Гадаах талбайг өдөржин ажиллах хүмүүсийн машин эзэлдэг. Тиймээс үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн хувьд замын нэгдүгээр эгнээ буюу хориотой хэсэгт машинаа тавихаас аргагүй. Энэ нь зорчих хэсэг буюу хөдөлгөөнд оролцогчдод саад болж зам түгжрэх үндсэн шалтгаан болдог. Замын цагдаагийн газраас саяхан замын нэгдүгээр хэсэг буюу хөдөлгөөний зорчих хэсэгт машинаа тавьсан хүнийг торгох, улмаар машиныг нь шууд ачиж журамлах сарын аян зарласан. Жолооч нар ч замын нэгдүгээр хэсэгт машин тавихгүй болохоор зам сэлүүхэн бөглөрөл бага байдгийг тэгэхэд л анзаарлаа гэж ярьж байсан.

Монголын хууль гурван өдөр гэдэг. Сарын аян дуусаад л түгжрэл нь бахь байдгаараа үргэлжилнэ. Захиргааны хэргийн тухай хуулийн 25. 5-д зааснаар тухайн хариуцагч хориотой газар зогсох, бусдын хөдөлгөөнд саад учруулах тохиолдолд 25 мянга хүртэл төгрөгөөр торгодог. Социализмын үед баригдсан томоохон хорооллуудын гадаах талбай тохижилт муугүй ч доороо машины зогсоолгүй баригдсан нь хамгийн том дутагдал. Харин сүүлийн үеийн хорооллууд байшин бүр нь доороо тодорхой хэмжээний, бүр зарим нь өрх бүрт нэг машины зогсоолтой гарааштай шийдсэнээрээ ололттой. Тэгвэл өнөөдөр ил зогсоол дээр машинаа түр орхихдоо “хамгаалагч” багачуулаар угаалгах, эсвэл гарыг нь хүндрүүлэхгүй л бол тэрэг чинь таныг бүрэн бүтэн хүлээж байна гэдэг эргэлзээтэй. “Шинэ байранд орлоо хө, доороо машины зогсоолтой болохоор амар юм” гэх хүмүүс олон. Гэвч амьдраад ирэхээр нөгөө сайхны амт ч ёстой мэдэгдэж эхэлнэ.

Баянгол дүүргийн хоёрдугаар хороо 67-гийн гуравдугаар байр. Доороо машины гарааштай, орчин үеийн байрнуудын нэг. Гаднаас нь харахад үзэмжтэй энэ байрны хамгийн том асуудал нь суурийн давхарт байрлах машины зогсоол. Зогсоолоосоо шууд орц руугаа дамждаг нь ч давуу тал. Гэсэн хэдий ч тэнд өглөө оройд машин орж, гарах үед яг л дэргэд нь хэд, хэдэн машин зэрэг орж ирээд хаазалж байгаа мэт оршйн суугчдын гэрт үнэр, тортог шууд л урилгагүй зочлох нь тэр. Зуны цагт орцны үүд онгорхой үед энэ нь нэг их сайн мэдэгддэггүй. Харин өвлийн улиралд тамтгаа алдана. Шатахуун тортогны үнэр хүний биед хавдрын голомт үүсгэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг. Эрүүл мэнд, ахуй орчин гээд ярих ч юм биш. Үүнээс болоод уушгины өвчин цаашилбал хорт хавдартай хүмүүс олшрохыг үгүйсгэхгүй. Сууц өмчлөгчдийн холбоо нэгэнт хүлээгээд авчихсан байрыг бид яах вэ, машин орж гарах бүрт агааржуулагчаа ажиллуулдаг. Харин яг зэргэлдээх байрны оршин суугчдад энэ асуудал гардаггүй. Доороо машины зогсоолтой ч гарааш руу гаднаас нь орж гардаг болохоор тэр. Өөдөөс нь харсан “Номгон-Очир” ХХК-ийн барьсан байрт ч энэ асуудал хөндөгддөггүй. Бас л гаднаасаа машины зогсоол руугаа ордог учраас. Энэ бол машинтай хүнд тохиолддог мянган бэрхшээлийн ганцхан нь. Гадаах тохижилт гээд яривал энэ гурван байрны нэг нь л хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолоо тохижуулжээ. Хаяа залган сүндэрлэсэн, одоо баригдаж буй хэд, хэдэн барилгын тухайд ядаж таван машин зогсох, явган хүний зам ч байхгүй. Тэрнээс нь болоод өнөөх л гурван байрны гадаа хүүхэд, машины “чуулган” болоход хүрдэг. Өөрөөр хэлбэл, даац хүндэрч байгаа нь энэ.

Таксины жолооч нэг танил маань өдөртөө элбэг 30 мянган төгрөг олдог байсан бол өнөөдөр 10 мянгыг ч хийх боломж алга гэж ярилаа. “Би яах вэ хувийн машинтай болохоор тэгж, ингээд болоод л байна. Харин түрээсээр ажиллаж байгаа хүмүүст л хүнд тусч байгаа байх даа” гэж байсан. “Бензиний үнэ нэмэгдээд хэцүү л байгаа биз дээ?” гэхэд “Үгүй дээ, түлшний үнэ нэмэгдсэн ч бид км-ийнхээ үнийг нэмээд тооцчихдог юм. Харин замын түгжрэл гэж түүнээс чинь илүү мангаа байна аа” гэж билээ. Үнэндээ хэдэн төгрөг олох гэж өдрийн ихэнхийг замын түгжрэлд гацаж, бензин тосоо үрж байгаа хүмүүст амьдралдаа илүүчлэх мөнгө олдохоо больж. Тэгэхээр таксины жолооч нар өдөр түгжирч балга шатахуунаа үрж байхаар замын хөдөлгөөн сэлүүхэн үед гарч хэдэн төгрөг олохыг бодолгүй яах вэ. Энэ мэтээр эх захгүй нэмэгдэх барилгын дундуур, машинаа тавьчих зогсоол ч үгүй их хот маань өргөжсөөр л байна.

Хот хөгжиж, байшин барилга гурван сарын дотор босч байгаа энэ үед чанарын тухай дурдаад ч яах вэ. Гал команд, түргэн тусламж гээд сандарсан үед хаягаа хэлсэн ч олоод ирэх нь ховор. Бөөр, бөөрөөр нь нийлүүлэн барьсан барилгууд машин орох замыг нь таглачихсан болохоор тэр. “Yүлс дээшээ дээвэр тулсан, уулс тийш хаяа тэлсэн улсын нийслэл” Улаанбаатар цонхоор тусах гэрлийг нь хааж байшин сүндэрлээд, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолгүй, явган хүний талбайгүй тийм нэг үзэмж муутай хот хаяа тэлсээр.

Дурын нийтлэл

  • random image
    Koenigsegg Quant
  • bertone_mantide
    Bertone Mantide
  • bmw-m-zero_3
    M-Zero
  • random image
    Автотехникийн улсын үзлэг энэ сарын 15-нд эхлэнэ

1 Comment on “Замын бөглөрөл, замбараагүй барилгад дээрэлхүүлсэн Улаанбаатар”

  1. #1 Григорьев
    on Nov 26th, 2008 at 18:05

    Р

Leave a Comment