Welcome, visitor! [ Register | Loginrss

Шатахууны зах зээлд туссан ханиад үнийн өсөлтөөр хатгаа болон хувирлаа

| Мэдээ мэдээлэл | 2008/08/25

Ханиад хүрсэн хүүхдийг даруй эмчлэлгүй удаавал хүндэрч, хатгаа болох нь элбэг. Yүнтэй адил дөнгөж хөлд орж буй шатахууны зах зээлийн “уушги”-нд шударга өрсөлдөөнийг бусниулагч хорт нян үүрэлжээ. Yүссэн цагаас нь эхлэн төр, засгийн хүрээнд ч түүнийг нь өөгшүүлсээр одоо өнгөц хэдэн шалтгаар өвчний оношийг тогтоохоор зэхэж байна. Харамсалтай нь, даяаршсан шатахууны үнэ хэзээ “ааш”-аа хувиргана, тэр бүрт төр өврөө уудалж татаас уламжлал төлөвших нь дамжиггүй. Энэ бүхнийг мэдээд төр “тоормоз” авсан байж мэднэ.

Эхлээд хэн, хэчнээн төгрөгийг чухам юунд зарцуулсныг олон түмэнд тайлагнах учиртай. Yүний дараа эмчлэх жорыг бичиж болох юм.

Импортлогчдыг 10 хувийн НӨАТ-аас чөлөөлөх тогтоол гаргасан Засгийн газрыг Сангийн яам хууль зөрчив хэмээн буруутгалаа.

Yр дүнд нь дэлхийн зах зээл дээр хулхи нь буусан шатахууны үнэ манай улсад дураараа дургиж, дунд чөмгөөрөө наадав. Цаад учир зангилааг нь ноён Ч.Улаан, Х.Наранхүү нарын шийдвэрийн зөрүү, орос ах нарын хилийн үнэтэй хүч хавсарч олдог хэдийг нь хамчихлаа гэж “Нефть хий” ассоциацийнхэн мэдэгдсэн билээ.

“Татвар л үнэ өсгөсөн” гэсэн эл цэмцгэр хариултын цаадах хөшгийг нээвэл арай өөр шалтгаан гарч буйг учир мэдэх хүмүүс хэлж байна. Импортлогч компаниуд “Роснефть”-тэй үнийг хэрхэн тохирсон бэ гэдэг нь тодорхойгүй. Засгийн газарт ч “Манайх тэдэн төгрөгөөр аваад, тийм алдагдал хүлээдэг” гэж тайлбарласан нь үгүй. Хувийн байгууллага хувьсгалынх биш болохоор их ашигтай ажиллах нь ойлгомжтой. Монгол шиг шатахууны зах зээлийн ганц сурвалжтай улс тэдний хувьд том эдийн засаг. Тийм болохоор дуу дуугаа авалцаад нэг өдөр үнээ өсгөчихдөг нь зах зээлийн шударга өрсөлдөөн гэж хэлэх боломжгүй юм.

Өнгөрсөн сард импортлогчид АИ92 шатахууны нөөц дуусах нь гэж шуугиан дэгдээж, ямар ч үндэслэлгүйгээр үнэ нэмснийг уншигч авхай мартаагүй биз. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Yйлдвэр, худалдааны яамнаас шалгалт хийгээд хангалттай нөөц байгааг нь илрүүлсэн билээ. Тухайн үед компаниуд ичсэн нүүрэндээ ус балгасан мэт дуугүй өнгөрч, үнэ түр зуур ч атугай “амсхийсэн”. Харин хэн, юуны учир ийн иргэдийг чангалсан нь илрэлгүй, оньсого болов. Энэ бүхнийг ажигласан гадаадын нэгэн судлаач “Монголын компаниуд хоорондоо өрсөлдөхөөсөө илүү хуйвалддаг юм байна. Тиймээс зах зээлийн эдийн засагтай гэж хэлэх үндэсгүй” хэмээсэн нь бий. Тэрээр бид ямар орчинд амьдарч байгааг хөндлөнгөөс шударга хэлчихлээ.

ТӨРД ТӨЛӨВЛӨЛТ ХЭРЭГТЭЙ

Алсын Америкийн “Nike” фирмийн пүүзнээс авахуулаад ар Монголын ширхэг шүдэнзний ханш ирээдүйд чангарна гэдгийг бүгд мэдэж байсан. Хөшүүрэг нь инфляц. Гол хүчин зүйл нь түүнд нөлөөлөх бараа, бүтээгдэхүүний зардал. Yнийн өсөлтийг энгийнээр тайлбарлавал ийм байна. Харин гадаадын хөгжингүй орнууд энэ бүхнийг мэдсээр байж хэрхэн эдийн засгаа тэнцвэртэйгээр залж, иргэд нь баяжив. Хариулт нь төлөвлөлт гаргаж, нөөц бүрдүүлэх явдал юм. Зүйрлэвэл, байрны үнэ өсөх нь гэсэн дохио илэрвэл дэд бүтэц, нийлүүлэлтийн тал дээр тулгарч буй татварын болон бусад хүндрэлд төрөөс тодорхой хөнгөлөлт үзүүлэх жишээтэй. Өнгөрсөн хавар АНУ-ыг ниргэчих шахсан зээлийн хямралыг арилгахын тулд төрөөс нь 165 тэрбум долларын татварын хөнгөлөлтийг ард түмэндээ үзүүлсэн. Энэ дэмжлэг өдгөө эрх чөлөөний орны эдийн засгийн үзүүлэлтийг бага ч атугaй дэмжиж байгаа билээ.

Ж.Цогзолмаа

SOURCE: zuuniimee.mn

No Tags

313 total views, 1 today

  

One Response to “Шатахууны зах зээлд туссан ханиад үнийн өсөлтөөр хатгаа болон хувирлаа”

  1. Огромное спасибо

Leave a Reply