Welcome, visitor! [ Register | Loginrss

Жолоодлогогүй жолооны курсүүд

| Мэдээ мэдээлэл | 2008/08/20

Жолооч гэдэг 10 гаруйхан жилийн өмнө мэргэжил байлаа. Харин одоо хүн бүр машингүй ч гэсэн жолооны үнэмлэхтэй болохыг эрмэлздэг, жолооч гэдэг мэргэжил бус хүн бүрийн хэрэгцээ болов. Саалиа бэлдэхээр саваа бэлдэж байгаа хүмүүсийн буруу нь ч юу байх вэ.

Хувьдаа машингүй ч жолоо мушгиж чаддаг, тэгээд үнэмлэхтэй бол аав, ээж, ах дүүгийнхээ машиныг ч бариад явж болдог болсон болохоор жолооны үнэмлэхтэй болох гэсэн хүн сүүлийн хэдэн жилд эрс өссөн. Энэ их хэрэгцээг анзаарсан жолооны курсууд борооны дараах мөөг шиг олширлоо. Тэр “мөөгний” зарим нь хүнсний хэрэгцээнд нийцдэггүй.

250 курс > 36000 жолооч
Өнөөгийн байдлаар манай улсад жолооны 250 орчим курс үйл ажиллагаа явуулж, жилдээ 36 мянган жолооч бэлтгэж байна. Энэ олон курс байхад цөөхөн монголчууд бүгдээрээ жолооч болчихсон баймаар. Бодит байдалд үгүй юм аа. Та жолооч байж болох ч таны эргэн тойрон дахь хүмүүсийн дотор үнэмлэхтэй хүн хэд байгааг асуугаад үзээрэй. Лав л тэн хагас нь үнэмлэхгүй байгаа. Манай улс өнөөгийн байдлаар 500 мянга орчим жолоочтой. 2.6 сая хүний 1.6 сая нь насанд хүрсэн хүн гэж барагцаалахад гуравны нэг нь жолооч.

Үүн дээр жил бүр дунджаар 48 мянган хүүхэд  жолоо барих насанд хүрдэг аж. Жолооч болох хүсэлтэй, хэрэгцээтэй ийм олон хүн байхад курсүүд зовох юмгүй ашигтай ажиллана. Хоол аманд нь өөрөө ороод ирнэ гэсэн үг. Амаа ангайгаад сууж байхад л болно. Тэгэхээр жолооны курсүүдийн дунд өрсөлдөөн алга. Өрсөлдөөнгүй бизнест чанарын тухай ойлголт байдаггүй нь батлагдсан зүйл. Чанаргүй курсүүд олширч, жолооч биш алуурчин бэлтгэж байна хэмээн ард иргэд халагладаг нь үүнтэй холбоотой байж болох.

Төлбөрөө төл÷их, жолооны үнэмлэх аваад өгье
Жолооны курст суухгүйгээр үнэмлэх авах хүсэлтэй хүмүүс цөөнгүй. Тэд ийм л зарчмаар жолоо мушгих эрхтэй болдог. Харин машин жолоодох талаар А, Б ч үгүй хэн нэгэнд жолооны курст ажилладаг танил нь ингэж хэлэхийг та сонссон л биз. Ийм хууль бус зүйл гарахад манай улсын жолооч бэлтгэх тогтолцоо нөлөөлдөг. Хүүхэд байхаасаа аав, ахыгаа даган жолоо булаацалдсаар дүрмээ мэддэг, хэнээс ч дутахгүй машин жолооддог болсон хүн олон. Тэднийг заавал хоёр сар курст суулгаж байж эрх олгодгоос үнэмлэхгүй жолооч нар хичээлд суухгүйгээр мөнгөө төлөөд үнэмлэх авах замыг сонгодог.
Энэ гаж тогтолцоог тун удахгүй арилгаж, чаддаг нь шууд шалгалтаа өгөөд үнэмлэхээ авах, чадахгүй нь курстээ суудаг системд шилжих гэж байна. Шалгалт өгөхгүйгээр үнэмлэх авдаг хууль бус зүйлийг таслан зогсоохын тулд ЗЦГ-аас шалгалт авахдаа тухайн шалгуулагчийг иргэний үнэмлэхтэй нь тулгаж үздэг болжээ.

Гадаадад байгаа хүн жолооны үнэмлэх авсан тохиолдол гарчээ. Мэдээж Замын цагдаагийн газарт танил талтай хүн л ингэж чадна. 2007 онд болсон эл явдлыг ЗЦГ-ын удирдлага илрүүлж, ажилтнаа халжээ.

Нэг нүд, өрөөсөн гартай хүнд үнэмлэх олгожээ
Жолооны үнэмлэх олгоход эрүүл мэндийг нь яах гэж шалгадгийг жолооны курсүүд мэддэг хэрнээ хамгийн их зөрчиж байна. Баримт дурдъя. Хөвсгөл аймгийн “Хөвсгөл БХТН” авто курс 2008 оны нэгдүгээр сарын 14-нд нэг нүдтэй хүнд жолооны үнэмлэх олгохоор Замын цагдаагийн газарт ханджээ. Ингэхдээ уг хүний зургийг компьютерээр засч нүд хийн, эрүүл хүн шиг болгосон байх юм. Тухайн хүний эрүүл мэндийн хуудасны өнгө мэдрэх  гэсэн хэсгийг тус аймгийн эмч “1.0, тэнцэнэ” гэж бөглөөд гарын үсгээ зуржээ. Хамгийн хачирхалтай нь эрүүл мэндийн хуудсан дээр наасан зураг нь компьютерээр засч янзлаагүй, тухайн хүний бодит зураг байв.

Ямар ч эмч хүнийг эрүүл, өвчтэй гэж дүгнэхийн тулд өөрөө түүнд үзлэг хийх ёстой. Гэтэл жолооны курсийнхэн суралцагсдынхаа цээж зургийг цуглуулж аваад, тухайн хүнээ үзлэгт оруулалгүйгээр эрүүл мэндийн хуудсыг нь танил эмчээрээ бөглүүлчихдэг. “Хөвсгөл БХТН” курсийнхэн ингэсэн байж болох. Харин эмч харваас нэг нүдтэй хүний зураг наасан хуудас дээр тэнцэнэ гэж бичсэнийг ЗЦГ-ынхан буруушааж байна.  Ийм хүн жолоо барьж болох эсэхийг заасан стандарт манай улсад байхгүй. Үүний улмаас эмч, жоооч нарын хооронд маргаан үүсдэг.

Унаж тусдаг хүн Улаанбаатар хотын төв гудамжаар машин барьж яваад гэнэт ухаан алдчихвал юу болох билээ. Өөрөө амиа алдаад зогсохгүй, бусдын аминд хүрч, тахир дутуу болгох аюултай. Тэгвэл тэр хүнд жолооны үнэмлэх олгосон Замын цагдаагийн газар хариуцлага хүлээх үү, олгохыг зөвшөөрч, эрүүл гэсэн бичиг хийж өгсөн эмч хүлээх үү. Тэр хүний өвчнийг нууж, бичиг баримтыг нь хуурамчаар бүрдүүлсэн курс хүлээх үү. Монголд хэн ч үүний хариуцлагыг хүлээдэггүй.

Нэг гараа тайруулчихсан хүн жолооны курс төгсөөд үнэмлэх авахаар шалгалт өгч байсан удаатай гэж Замын цагдаагийнхан ярьсан. Хөлгүй хүн  машин бариад хотын гудамжаар хурдалж чадах уу. Автомат хурдны хайрцагтай машин жолоодоод явж болох ч тэр нь эвдэрвэл яах вэ. Тэр хүнд жолооны үнэмлэх олгочихвол механик хурдны хайрцагтай машин жолоодохгүй гэх баталгаа байхгүй. Энэ бүхнийг бодолцохгүйгээр дураараа магадлагаа гаргаж өгч байгаа бөх зүрхтэй эмч нарт хариуцлагыг нь хүлээлгэж байвал энэ бүхэн цэгцэрнэ.

Монголд анх машин орж ирснээс хойш бүхэл бүтэн зуун өнгөрөөд байхад ямар хүн жолоо барьж болохгүй вэ гэдгийг нарийвчлан тогтоосон стандарт, журам манай улсад алга. Жолооны үнэмлэх авах хүнд хийх үзлэгийн талаар Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг ч тэр нь өнөөгийн шаардлагаас хол зөрүүтэй аж.

ОХУ-д гэхэд харааны 75 хувийн согогтой бол, хөдөлгөөний 75 хувь нь хязгаарлагдсан нөхцөлд жолоо барихыг хориглодог юм байна. Чихрийн шижинтэй хүнд ч энэ эрх нь хаалттай. Гэтэл манайд хөлгүй, гаргүй, нүдгүй, гадаадад яваа хүн хүртэл жолооны үнэмлэх аваад явж байдаг.

Эмч нарын энэ хариуцлагагүй байдлыг гааруулахгүйн тулд энэ оны дөрөвдүгээр сард ЗЦГ-аас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч нарын гарын үсгийг авч мэдээллийн сандаа оруулжээ. Ингэснээр эрүүл мэндийн хуудас дээр тухайн дүүргийн ерөнхий эмч гарын үсгээ зурж, үзлэг хийсэн эмчийн оношийг баталгаажуулна. Эрүүл мэндээр тэнцээгүй хүн жолоо барьж яваад осол гаргавал тухайн хүнийг хэн гэдэг эмч үзэж, эрүүл мэндээр тэнцэнэ гэсэн дүгнэлт гаргаж өгснийг олж, хариуцлага тооцох боломжтой болжээ.

Гурван осол гарахад нэг хүн амиа алддаг
Жолооны курсүүд бусдаар шахаж шаардуулахгүйгээр чанартай сургалт явуулж, чадварлаг жолооч бэлтгэвэл осол буурна. Харамсалтай нь жолооч нэртэй алуурчин цөөнгүй бэлтгэдэг. Ногоон, улаан гэрлийн солигдох хугацааг тооцоолох чадваргүй сагсуу жолооч өнгөрсөн жилийн намар хичээлээ тараад гарцаар, ногоон гэрлээр гарч явсан нэгдүгээр ангийн сурагчийг дайрч хөнөөсөн. Замын хөдөлгөөний дүрмээ судлаагүй, жолооч, явган зорчигчийн хэн нь хэзээ давуу эрхтэйг мэддэггүй жолооч гарцан дээр нэгэн хөгшнийг дайрч, хадан гэрт нь хамаагүй эрт аваачсан.

Он гарсаар 150 гаруй хүн зам, тээврийн ослоор нас барж, 450 гаруй хүн гэмтлээ. “Өнөөдөр хөдөлгөөний аюулгүй байдал Монгол Улсад онц ноцтой байдалд байна” гэж Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан манай редакцид зочлохдоо анхааруулж байв. Хөдөө орон нутагт гарч буй гурван осол тутмын нэгд нь, Улаанбаатарт 4.5 хэрэг тутмын нэгд нь хүн амиа алддаг. Жолооны чанаргүй курсүүдийн бэлтгэсэн “хулхи бүтээгдэхүүн” үүнд ихээхэн нөлөөлж байгаа.

Хүн ам цөөнтэй манай улсад “хүний ийм зүй бус хорогдол” гарах ёсгүй. Машины жолоог цэнэглэсэн буутай зүйрлүүлбэл, чадваргүй жолоочид үнэмлэх олгох нь галт зэвсэг барьж үзээгүй хүнд бууны гох дарах эрх олгосонтой адил юм. Энэ олон жолооны курсийн эзэд үүнийг ухамсарладаг баймаар.

No Tags

286 total views, 2 today

  

2 Responses to “Жолоодлогогүй жолооны курсүүд”

  1. Спасибо. Прочитал с интересом, и вообще полезный у Вас блог

  2. utgagui yum.

    gehdee nogoo adistatchilal geech n arai gaigui bolgoj baigaa bailgui dee.

Leave a Reply